Хөвсгөл аймагт хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хатгал–Жанхай–Тойлогт чиглэлийн 32 км авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна.

Тус ажлын хүрээнд үндсэн 32 км замаас гадна холбох 2 км зам, мөн Хатгал–Хүзүүвчийн шил–Ашихай чиглэлийн 5.5 км авто замыг барьж байгаа бөгөөд эдгээр замыг наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Шинэ зам ашиглалтад орсноор Хөвсгөлийн аялал жуулчлалын бүсүүдэд жуулчид дөрвөн улирлын турш аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэх юм. Мөн тусгай хамгаалалттай газар нутагт үүсдэг олон салаа зам, хяналтгүй зорчих байдал буурч, хөрс, ургамлын доройтлыг багасган байгалийн унаган төрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.