Засгийн газар өнөөдөр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэлэлцээрийн үр дүнг танилцуулж, Монголын тал зээлийн нөхцөлийг сайжруулах чиглэлд чухал тохиролцоонд хүрсэн талаар мэдээллээ.
Ерөнхий сайд Н.Учрал: Үндэсний их баяр наадмын өмнө Монголын ард түмэнд сайн мэдээ дуулгаж буйгаа онцлоод, хэлэлцээг амжилттай хийсэн сайд нар, төрийн албан хаагчдад баяр хүргэж, хамтран ажилласан Рио Тинто группт талархал илэрхийлэв.
Тэрбээр, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг бууруулж, өр зээлэнд төлөх байсан 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 8 их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна. Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашид хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтарч ажиллаж үр дүн гаргана гэдэгт итгэл дүүрэн байна. Монголчууд эрх ашгаа хаана ч хамгаалж чаддаг гэдгээ харууллаа. Энэ бол түүхэнд тод мөртэй үлдэх ажил. Мөн зээлийн хүүг эргэн хянах хугацааг одоогийн хуулиар заасан долоон жилээс гурван жил болгон богиносгох шийдэлд хүрсэн талаар мэдээлэв.
Сангийн сайд З.Мэндсайхан: “Рио Тинто"-той хийсэн хэлэлцээр 2025 онд хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 7 жил тутамд эргэн харах боломж бүрдсэн. Хэлэлцээр маш хүнд нөхцөлд болсон гэдгийг хэлэх нь зөв байх. Хэлэлцээрийн шатанд эцэслэн шийдвэрлэлээ. Зээлийн хүү, хувь нийлүүлэгчдийн хүү 10.5 хувь байгаа. Үүнийг 7.9 дээр авч ирлээ. 2.6 хувь буулгалаа. Нийт 6.2 тэрбум долларын хэмнэлт гаргасан. Монголын талд ирэх өгөөж нь 6.5 тэрбум доллар буюу 8.7 их наядаар нэмэгдүүлж чадлаа.
Хүүг тогтоохдоо, хувь нийлүүлэгчдийн зээл төлөлт хамгийн сүүлд төлөгдөх хамгийн өндөр хүү байсан. Төслийн зээл гэж бас бий. Эрсдэлийг үнэлсэн. Олон улсын санхүүгийн байгууллагуудын өгсөн зээлийн хүү өнөөдөр 9.01 байгаа. 7.9 гэдэг бол нэгдүгээр эрэмбийн зээлээс хамгийн багаар тогтоож чадсан гэсэн үг. Дотоодын ААН-үүд олон улсын зах зээлээс 8.2-8.6 хувийн хооронд санхүүжилтийг босгож байгаа. Үүнээс бага тогтоосон нь амжилт боллоо. Мөн долоон жилийн дараа эргэж хардаг байсан нь маш урт хугацаа байсан. Энэ хугацааг 3 жил болгосон нь бодит үр дүн боллоо. Ногдол ашгийг энэ жил авч эхэлнэ" гэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: "Менежментийн зардлыг бууруулах чиглэлээр хэлэлцээр хийгдэж, амжилтад хүрсэн. Одоо хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орж, шинэ гэрээ хийгдэх ёстой. Энэ ажлыг Эрдэнэс Монгол буюу Чингис хаан баялгийн сан дээр хийгдэж байна. Засаглалыг тодорхой болгоно. Үр дүнд суурилсан үзүүлэлт бий болгоно.Хэлэлцээний үеэр "Анкор" компаниас зөвлөх үйлчилгээ авч ажилласан. Зээлийн хүүг бууруулснаар нийт 2.2 тэрбум ам.долларын зардал хэмнэж, төслийн өгөөжийг 5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх үр дүнтэй хэлэлцээр хийсэн" гэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!