Монгол Ардын Намын орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилт, шинэчлэлийн талаар намын гишүүд, дэмжигчид, иргэдэд мэдээлэл хүргэх уулзалт, арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Уулзалтад Хархорин сумын Монгол Ардын Намын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл бүхий 200 гаруй иргэн оролцож, ажлын хэсгийн ахлагч Д.Мөнх-Эрдэнийн илтгэлийг сонсон, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар санал бодлоо солилцов.

Арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны улс төрийн ажилтан Б.Баярбат, Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны дэд дарга А.Ишдорж, Хархорин сумын МАН-ын хорооны дарга Д.Гантөмөр, Ахмадын хорооны дарга Н.Энхтуяа нар оролцлоо.

Уулзалтын үеэр иргэд Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” аяны хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ орон нутгийн хөгжлийг дэмжих дараах саналуудыг уламжиллаа. Үүнд:

-       Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх;

-       Бизнес эрхлэгчдийг дэмжсэн уян хатан бодлого хэрэгжүүлэх;

-       Гэр бүл төлөвлөлтийг дэмжсэн бодлого боловсруулж, залуу малчдын хөгжлийг дэмжих;

-       Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх;

-       Тэтгэврийн зээл олгоход батлан даагч шаардах журмыг эргэн авч үзэх.

Уулзалтын үеэр Хархорин сумын Ахмадын хорооны дарга Н.Энхтуяа сум үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн түүхийг бүтээлцсэн ахмад үеийн хөдөлмөр, гавьяаг мөнхжүүлэх, тэдний үйлсийг залуу үед өвлүүлэхэд чиглэсэн олон ажил, арга хэмжээг зохион байгуулж байгааг онцлон танилцууллаа.

Мөн Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” аяны хүрээнд хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлого, Монгол Ардын Намын даргын дэвшүүлсэн “Гишүүн төвтэй нам E4 стратеги”, “E-NAM 3.0” платформын үйл ажиллагаа, хэрэглээний талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариуллаа.

Ажлын хэсгийнхэн Хархорин суманд ажиллах үеэрээ намын хорооны ахмад гишүүд болох Б.Цэвэлмаа, Н.Чимэддорж, С.Буд нарт хүндэтгэл үзүүлж, гэрээр нь зочлон талархал илэрхийллээ.

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Төгрөг, Хайрхандулаан, Арвайхээр, Уянга, Бат-Өлзий, Хужирт, Хархорин сумдад ажиллаж, нийт 1500 гаруй намын гишүүн, дэмжигч, иргэдтэй уулзан төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг нь сонсон ажиллалаа.