Сангийн сайд З.Мэндсайхан Оюу Толгой төслийн зээлийн асуудлаарх хэлэлцээрийн үр дүн болон татварын багц хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр Засгийн газар болон Рио Тинто компанийн хооронд хийсэн хэлэлцээрийн хүрээнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 10.4 хувиас 7.9 хувь болгон бууруулснаар Монгол Улс ирээдүйд төлөх хүүгийн зардлаас 6.2 тэрбум ам.доллар хэмнэх боломж бүрдсэнийг онцоллоо.

Мөн менежментийн төлбөрийг бууруулж, олон улсын банкны зээлийг дахин санхүүжүүлэхээр тохиролцсоноор нийт хэмнэлт 8.4 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын авах ногдол ашгийн хугацаа наашилж, өмнө нь 2039 онд авахаар тооцож байсан ногдол ашгийг 2026 онд багтаан олгохоор болсон байна.

Зээлийн хүүгийн нөхцөлийг дахин хэлэлцэх хугацааг долоон жилээс гурван жил болгон бууруулжээ. Онтрэ-гийн гэрээний тухайд Монголын талын хүртэх өгөөжийг 53 хувьд хүргэж байж УИХ-аар батлуулах байр суурьтай байгааг сайд мэдэгдэв. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийт 3.4 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хэвээр үлдээхээр тусгажээ. Мөн бага орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах, аж ахуйн нэгжүүдийн татварын шатлал болон хялбаршуулсан горимын босгыг нэмэгдүүлэх өөрчлөлтүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр болсон байна.

Түүнчлэн төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах зорилгоор олон улсын хөрөнгө оруулалтын менежментийн компаниудтай хамтран ажиллаж, цаашид IPO гаргах замаар үнэ цэнийг нь нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дурдлаа.