Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөц, нийлүүлэлтийн талаар мэдээлэл хийж, үндэсний их баяр наадмын үеэр шатахууны хомстол үүсэхгүй, үнэ нэмэгдэхгүй гэдгийг онцоллоо.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн мэдээлснээр, нийгэмд яригдаж буй шатахууны хомстол үүсэх, үнэ өснө гэх мэдээлэл нь ташаа аж. Тэрбээр, дизель түлшний хувьд хилийн үнэ буурах хандлагатай байгааг дурдсан юм.

Харин АИ-92 автобензиний тухайд ОХУ-тай байгуулсан нэг тонн тутмыг 705 ам.доллараар тогтмол нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд олон улсын үнэ гурван сараас дээш хугацаанд 30 хувиас илүү өссөн тохиолдолд үнийг дахин хэлэлцэх зохицуулалттай гэдгийг тайлбарлав.

Мөн наадмын дараа Үнэ, хангамжийн нэгдсэн зөвлөл хуралдаж, зарим төрлийн шатахууны үнийг бууруулах, эсвэл нэмэгдүүлэх асуудлыг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан хэлэлцэхээр төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Монгол Улс дараах хэмжээний шатахууны нөөцтэй байна.

  • АИ-92 бензин - 71,552 тонн буюу ердийн хэрэглээний 33 хоногийн нөөц

  • АИ-95 бензин - 3,965 тонн буюу 44 хоногийн нөөц

  • Дизель түлш - 106,683 тонн буюу ердийн хэрэглээний 27 хоногийн нөөц