Сүүлийн өдрүүдэд шатахуун хомсдох, үнэ нэмэгдэх тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр эрчимтэй тархсаны дараа зарим шатахуун түгээх станцад 20–30 автомашины дараалал үүсээд байна. Гэвч энэ нь бодит хомсдолын шинж үү, эсвэл иргэдийн болгоомжлолын улмаас үүссэн түр зуурын ачаалал уу гэдэг анхаарал татаж байна. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас үндэсний их баяр наадмын үеэр шатахууны хомсдол үүсэхгүй, үнэ нэмэгдэхгүй гэдгийг мэдэгдсэн. Тус яамны мэдээлснээр, улсын хэмжээнд АИ-92 автобензиний 33 хоног, АИ-95 бензиний 44 хоног, дизель түлшний 27 хоногийн ердийн хэрэглээг хангах нөөц бүрдээд байгаа юм. Мөн ОХУ-тай байгуулсан АИ-92 автобензиний тогтмол нийлүүлэлтийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд дизель түлшний хилийн үнэ буурах хандлагатай байгааг албаныхан онцолсон. 

Шатахуун түгээх станцуудын нөхцөл байдлыг ажиглахад, Петровисоос бусад ихэнх ШТС-д шатахууны үнэ өөрчлөгдөөгүй, нийлүүлэлт хэвийн байгаа талаар мэдээлж байна. Харин зарим салбарт олон автомашин зэрэг үйлчлүүлэхээр очсоноос 20–30 машины дараалал үүссэн ч энэ нь шатахуун тасарсныг илтгэхгүй байгаа юм. Эдийн засгийн хувьд баталгаагүй мэдээлэл, цуурхлын улмаас хэрэглэгчид нэгэн зэрэг шатахуун нөөцлөх нь “зохиомол эрэлт” бий болгож, хэвийн ажиллаж байсан түгээлтийн сүлжээнд түр хугацааны ачаалал үүсгэдэг. 

Ийм нөхцөл байдал нь бодит хомсдолгүй байсан ч хомсдол бий болсон мэт дүр зураг үүсгэх эрсдэлтэй. Тиймээс шатахууны зах зээлтэй холбоотой мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нягталж, бодит нөхцөл байдалд үндэслэн шийдвэр гаргах нь иргэд төдийгүй зах зээлийн тогтвортой байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой юм.