Хүмүүний харилцаа улам хурдтай, мэдээллийн урсгал улам их болсон ч бие биедээ урам хайрлаж, эелдэг үг хэлэх хэрэгтэй. Гагцхүү “Чи чадна”, “Баярлалаа”, “Чамд итгэж байна” гэх мэт энгийн үгс хүний сэтгэлд итгэл найдвар төрүүлж, амьдралынх нь чигийг өөрчлөх хүчтэй байдгийг сэтгэл судлалын олон судалгаа баталжээ.

Монголчууд эртнээс “Сайн үг сэтгэлийн чимэг”“Бэлэгнээс үг үнэтэй” хэмээн сургаж ирсэн ард түмэн. Ахмад настнаа ерөөж, хүүхдээ магтаж, зочдоо ерөөлөөр угтаж, сайн сайхныг бэлгэдсэн үгээр харилцах нь монгол соёлын үнэт өв билээ.

Үг бол зүрх сэтгэлд хүрдэг хамгийн хүчтэй гүүр. Инээмсэглэл шиг энгийн, нарны гэрэл шиг дулаан сайхан үгийг харамлалгүй хэлж чадвал гэр бүл аз жаргалтай, хамт олон эвтэй, нийгэм илүү хүмүүнлэг болно.

Америкийн сэтгэл судлаач Барбара Фредриксон-ы боловсруулсан “Өргөжүүлж, бүтээх онол” (Broaden-and-Build Theory)-ын дагуу эерэг сэтгэл хөдлөл нь хүний сэтгэх хүрээг тэлж, бүтээлч байдал, асуудал шийдвэрлэх чадвар, нийгмийн харилцааг сайжруулдаг. Харин эерэг үг, магтаал, талархал нь ийм сэтгэл хөдлөлийг бий болгох хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

Мөн Harvard University болон бусад судалгааны байгууллагуудын хийсэн судалгаагаар ажлын байранд тогтмол урамшуулсан ажилтнууд илүү бүтээмжтэй, ажлын сэтгэл ханамж өндөр, хамтын ажиллагаа сайтай байдаг нь тогтоогджээ.

Харамсалтай нь өнөөдөр цахим орчинд доромжлол, үл хүндэтгэсэн үг хэллэг нэмэгдэж, сөрөг хандлага түгээмэл болсон нь хүмүүсийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх болсон. Иймээс хүн бүр үгийнхээ хүчийг ухамсарлаж, эерэг харилцааг төлөвшүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Сэтгэл судлаачид магтаал, талархлын үг сонссон үед хүний тархинд аз жаргалын мэдрэмжтэй холбоотой химийн бодисууд идэвхжиж, стрессийн түвшин буурдаг болохыг тогтоосон. Энэ нь зөвхөн тухайн хүний сэтгэл санааг сэргээхээс гадна бусадтай илүү найрсаг харилцах хандлагыг бий болгодог.

Нийгмийн соёл, гэр бүлийн аз жаргал, хамт олны уур амьсгал бүгд хүний өдөр тутмын харилцаанаас эхэлдэг. Бие биедээ сайхан үг хэлэх нь сул дорой байдлын илрэл биш, харин өндөр ёс зүй, төлөвшсөн хүний шинж юм.

Өнөөдөр хэн нэгнийг урамшуулсан ганцхан өгүүлбэр маргааш түүний амжилтын эхлэл байж болох юм. Харин ширүүн, бодлогогүй үг насан туршийн шарх үлдээх ч аюултай.

Өнөөдөр хэн нэгэнд урам хайрласан ганцхан сайхан үг хэлээрэй. Магадгүй таны хэлсэн тэр үг хэн нэгний хамгийн хэрэгтэй хүч, хамгийн том итгэл нь болж мэднэ.