Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд эхэлж буйтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас үер, усны осол, гал түймрийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямын мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд үерийн 301 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 5941 хүний амь насыг авран хамгаалж, аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлжээ. Харин үерийн гамшгийн улмаас 25 хүн, үүнээс зургаан хүүхэд амь насаа алдаж, 13,665 толгой мал хорогдон, 1471 гэр, байшин эвдэрч, нийт 48.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Энэ оны эхнээс өнөөдрийг хүртэл үерийн 11 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд Баян-Өлгий, Сэлэнгэ аймаг болон нийслэлд олон айл өрх, аж ахуйн нэгжийг хамарсан гурван томоохон үер болсон байна.
Тухайлбал, долоодугаар сарын 7-нд Улаанбаатар хот орчимд орсон аадар борооны улмаас гудамж, нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны зоорийн давхрууд усанд автсан талаар 36 дуудлага иржээ. Үүний дагуу Онцгой байдлын байгууллага болон мэргэжлийн албад хамтран үерийн усыг соруулан зайлуулах, далан, шуудуу татах, халдваргүйжүүлэлт хийх зэрэг арга хэмжээг шуурхай зохион байгуулсан бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд үерийн их болон маш их эрсдэлтэй бүсэд 175 мянган өрхийн 642 мянган иргэн амьдарч байгаа нь нийт өрхийн 19.4 хувь, нийт хүн амын 20 хувийг эзэлж байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд долоон дүүргийн 28 хороонд зөвшөөрөлтэй 1388, зөвшөөрөлгүй 282 буюу нийт 1676 нэгж талбарт 1917 айл өрх оршин сууж байна. Үерийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор ус ихээр тогтдог эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байршуулжээ.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд ОБЕГ 2026 оны долоодугаар сарын 10-19-ний өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахаа мэдэгдлээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!