Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар болон Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг шалгах хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод ажиллалаа.
Ажлын хүрээнд аймгийн удирдлага, төрийн байгууллагын албан хаагчидтай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл хангалт, тулгамдаж буй асуудал, албан даалгаврын хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Мөн зарим асуудлыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллав.
Төв аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 1300 гаруй тонн өвс, тэжээл, хэвэг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд халаалтын зуух, дулааны станц, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа юм.
Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт Төв аймагт 80 хувьтай байна. Хэрэгжилтийн хүрээнд 15 суманд үзлэг, хяналт шалгалт хийж, нийт 12 зөрчил илрүүлснээс 10 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. Мөн зөрчил гаргасан байгууллага, иргэдэд 78.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Уулзалтын үеэр Төв аймагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад дараах үүрэг, чиглэлийг өглөө.
Үүнд:
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 30 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах асуудлыг Эрчим хүчний яамтай хамтран шийдвэрлэх;
- Хөшигийн хөндий чиглэлийн дөрвөн эгнээ авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх;
- Газар тариалангийн салбарт агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг хувийн хэвшлийн оролцоотойгоор судлах;
- Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын худалдан авалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх;
- Намрын ургац хураалтад шаардлагатай 1.6 сая литр түлшний асуудлыг шийдвэрлэх.
Ийнхүү Төв аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлж, ирэх хүйтний улирлыг эрсдэл багатай даван туулах чиглэлээр шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!