Их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой 2026 онд тохиож буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит бус хуралдааныг энэ оны наймдугаар сард Хэнтий аймгийн Биндэр сум дахь “Их Хуралдай” цогцолборт зохион байгуулахаар боллоо.

Монголын түүхэнд 1206 онд Онон голын Дэлүүн болдогт буюу өнөөгийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт Их Хуралдай хуралдаж, Тэмүүжинг Чингис хаанаар өргөмжлөн, Их Монгол Улсыг байгуулсан түүхтэй.

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн босгон дээр Засгийн газар энэхүү түүхэн газарт ээлжит бус хуралдаанаа хийхээр төлөвлөж байгаа нь төрт ёсны уламжлал, түүх, соёлын өвийг дээдлэн өвлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн энэхүү арга хэмжээ нь Их эзэн Чингис хааны өв соёл, “Их Хуралдай” цогцолборын түүхэн үнэ цэнийг дотоод, гадаадын олон нийтэд сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах онцлох үйл явдал болох юм.