Хүн бүр амьдралдаа тэвчээр шаардсан олон мөчтэй тулгардаг. Бидэнд “тэвч”, “цаг хугацаа бүхнийг эдгээнэ”, “бууж өгч болохгүй” гэх үгсийг олонтаа хэлдэг. Гэвч заримдаа бүхнийг тэвчин тэсэх нь зөв шийдэл биш. Харин болсон зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь өөрийгөө хамгаалах, цааш алхах хамгийн зөв алхам болж чадна.

Хүлээн зөвшөөрнө гэдэг ялагдлаа хүлээн зөвшөөрч, бууж өгөх гэсэн үг огтоос биш. Харин өөрчлөх боломжгүй зүйлтэй тэмцэхээ больж, өөрийн сэтгэлд амар тайван орон зай гаргаж өгөхийг хэлнэ. Өнгөрсөн үйл явдал, алдсан боломж, дууссан харилцаа, өөрчлөгдөж буй хүмүүсийг хүчээр буцаах гэж оролдох тусам хүн өөрөө л илүү их ядардаг.

Тэвчихийн цаана заримдаа айдас байдаг. “Хэрэв тавьчихвал бүх зүйл дуусна” гэсэн бодол биднийг асуудал, өвдөлттэй зууралдахад хүргэнэ. Харин хүлээн зөвшөөрөх үед хүн “Энэ хүрээд болсон. Би үүнийг өөрчилж чадахгүй. Гэхдээ үүнээс цааш би хэрхэн амьдрахаа сонгож чадна” гэдгийг ухаарах мэт. 

Амьдралд бүх зүйл бидний хүссэнээр үргэлжлэх албагүй. Зарим хүн бидний амьдралд үлдэх гэж биш, ямар нэгэн зүйл ойлгуулах гэж ирдэг. Зарим мөрөөдөл биелэхгүй, зарим хаалга хаалттай хэвээр. Гэхдээ хаагдсан хаалга , төөрсөн уулзвар бүрийн өмнө насан туршдаа зогсох шаардлагагүй.

Тиймээс зарим үед тэвчээд байхаас илүүтэй хүлээн зөвшөөрөөд тавьж явуулах нь зориг юм. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч түүнд хандах хандлагаа өөрчилж чадна. Хүлээн зөвшөөрөлт бол бууж өгөх биш, өөрийгөө дахин сонгох эхлэл байж болох юм.

Эцэст нь хүн бүхнийг тэвчиж байж хүчтэй болдоггүй. Заримдаа “болсон зүйл болсноороо үлдэг. Харин би цааш явъя” гэж хэлж чадсан мөчөөсөө эхлэн хүн жинхэнэ утгаараа хүчтэй болдог мэт.