Бельгийн зүүн хэсгийн Льеж мужид дэгдсэн ой хээрийн түймэр 3000 орчим га талбайг хамарч, тус улсын бүртгэгдсэн түүхэн дэх хамгийн том түймэр болжээ.

Түймэр наймдугаар сарын 14-нд Германтай хил залгаа Өндөр Фенсийн байгалийн нөөц газарт гарсан байна. Хүчтэй салхи, хуурайшилтын улмаас гал богино хугацаанд эрчимтэй тархаж, өмнөх 24 цагт түймэрт өртсөн талбай хоёр дахин нэмэгджээ.

Галын улмаас Ваим, Бютгенбах орчмын 600 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж, жуулчдыг аюултай бүсээс гарахыг анхааруулсан байна. Нүүлгэн шилжүүлсэн иргэдэд түр байрлах төвүүд ажиллуулжээ.

Түймрийг унтраах ажиллагаанд Бельгийн гал сөнөөгч, цагдаа, арми, иргэний хамгаалалтын алба болон нутгийн фермерүүд оролцож байгаа бол Герман, Люксембургийн гал сөнөөгчид мөн дэмжлэг үзүүлж байна. Нидерланд болон Европын бусад орнуудаас нисдэг тэрэг, гал унтраах агаарын хөлөг илгээжээ.

Галын голомт Германы хилд ойртсонтой холбоотойгоор Германы Моншау хотын хил орчмын зарим иргэнийг мөн нүүлгэн шилжүүлсэн байна. Харин Бельгийн албаныхан түймэр Германы нутаг дэвсгэрт заавал нэвтэрнэ гэж үзэхгүй байгаа бөгөөд хил орчмын галын фронтыг тогтоон барихад анхаарч байна.

Европын ойн түймрийн мэдээллийн системийн мэдээллээр Бельгид өмнө нь хамгийн томд тооцогдож байсан түймэр 2011 онд гарч, 1400 орчим га талбай шатсан байна. Харин энэ удаагийн түймэр уг үзүүлэлтийг хоёр дахин давжээ.

Европын хэд хэдэн улс энэ зун хэт халалт, хуурайшилтын улмаас томоохон ой хээрийн түймэртэй тэмцэж байгаа бөгөөд Герман, Франц, Грек, Испани зэрэг оронд галын эрсдэл өндөр хэвээр байна.