Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Боловсролын яамнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2026-2027 оны хичээлийн жилийн онцлог, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд энэ жил 74 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Нэгдүгээр ангийн сурагчид хичээлийн жилийн эхний нэг сарын хугацаанд сургуульдаа дасан зохицох, сургуулийн орчин болон бусад үйл ажиллагаатай танилцах чиглэлээр суралцаж, 10 дугаар сарын 1-нээс үндсэн сурах бичгийн дагуу хичээллэж эхэлнэ гэдгийг Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат мэдээлэв.

Тэрбээр “Энэ хичээлийн жилийн үндсэн зорилго нь суралцагч бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй, хүртээмжтэй боловсролыг олгоход оршино. 'Гэрт ойр цэцэрлэг, сургууль хамгийн сайн сургууль' байх зарчмыг баримталж, 15 зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлнэ” гэв.

Мөн энэ хичээлийн жилээс хичээлийн жилийн бүтэц дөрвөн улиралтай болж байгааг онцоллоо. Хот, хөдөөгийн сургуулийн онцлогт нийцүүлэн бие даалт болон цахим сургалтын долоо хоногийг тусгажээ.

Тухайлбал, Цагаан сарын долоо хоногийг сурагчдын бие даалтын долоо хоног болгон зохион байгуулж, үндэсний өв соёл, уламжлал, ёс заншилтай танилцах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.

Бие даалтын долоо хоногийг Улаанбаатар хотод өвлийн улирал буюу арванхоёрдугаар сард ханиад, томууны үеэр, харин орон нутагт мал төллөлтийн үеэр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ хичээлийн жилд мөн нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээллэх бол 2-12 дугаар ангийн сурагчид одоо мөрдөж буй сургалтын хөтөлбөр, сурах бичгээрээ үргэлжлүүлэн суралцана.

Түүнчлэн хичээлийн бус цагаар сурагчдын хөгжил, хамгаалал, бүтээлч үйл ажиллагааг дэмжих чиглэлийн арга хэмжээг тусад нь хэрэгжүүлэхээр болжээ.

Боловсролын яам Монголын шатрын холбоотой хамтран энэ хичээлийн жилээс 1-5 дугаар ангийн сурагчдад зориулсан “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх юм байна.