Олон улсын хүүхдийн спортын наадам анх 17 жилийн өмнө Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. ОХУ-ын Чита хотод болж өндөрлөсөн олон улсын хүүхдийн спортын XII наадамд Монголын өсвөрийн баг тамирчид спортын найман төрөлд өрсөлдөж, 13 алт, 13 мөнгө, 19 хүрэл, нийт 45 медаль хүртлээ.

Тус наадамд ОХУ, Монгол, БНХАУ-ын 783 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдсөн байна. Монгол Улсаас жүдо, чөлөөт бөх, бокс, ширээний теннис, волейбол, байт харваа, хөнгөн атлетик, шатарын төрөлд 11 дасгалжуулагчийн удирдлагад 76 тамирчин оролцжээ.

Монголын баг тамирчдын медалийн амжилтыг төрлөөр нь авч үзвэл:

  • Чөлөөт бөх – 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл

  • Жүдо – 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл

  • Бокс – 1 алт, 4 мөнгө, 2 хүрэл

  • Волейбол – 1 алт, 1 мөнгө

  • Байт харваа – 1 алт, 1 хүрэл

  • Хөнгөн атлетик – 1 алт, 3 хүрэл

  • Шатар – 1 алт, 2 мөнгө

  • Ширээний теннис – 2 хүрэл

Монгол Улсын багийн ахлагч, Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн наадам нь зөвхөн спортын амжилтаар өрсөлдөхөөс гадна хүүхэд, өсвөрийн тамирчдад улс орныхоо өв соёл, ёс заншлыг бусдад таниулах боломж олгодгийг онцолжээ.

Тэрбээр “Олон улсын хүүхдийн спортын наадам нь зөвхөн медалийн төлөө шударгаар өрсөлдөхөөс гадна өөрийн орны өв соёл, ёс заншлаа харилцан түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах боломжийг тамирчдад олгодог. Энэ наадмаас өсвөрийн тамирчид спортын замналынхаа эхний гарааг эхлүүлж, насан туршдаа мартагдашгүй сайхан дурсамж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.