УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 7-ны өдөр Жеффри Эпштейнтэй холбоотой Монгол Улсын талаар дурдагдсан асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.
Сонсголыг “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдвээр явуулж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалж байна.
Сонсголын үеэр Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улсын хүүхдийн нөхцөл байдлын талаар тоо баримт танилцуулав.
Тухайлбал, 2025 оны байдлаар Монгол Улсад 2,802 бүтэн өнчин хүүхэд бүртгэлтэй байна. Харин улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 30 асрамж, халамжийн төвд 920 гаруй хүүхэд, залуус амьдарч байгаа аж.
Тэдгээрийн 36.9 хувь нь гэр бүлтэй боловч нийгмийн болон ар гэрийн хүнд нөхцөл байдлын улмаас гэр бүлээсээ тусгаарлагдан асрамж, халамжийн төвд амьдарч байгаа талаар танилцуулсан байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: "Эпштейн Монгол Улсыг яагаад сонирхох болсон нь Монголын байгалийн баялаг, уул уурхайн салбар болон улс төрийн орчинтой холбоотой байж болзошгүй".
Түүний хэлснээр Эпштейн нь улс төрийн тогтворгүй, хөгжиж буй, байгалийн баялаг ихтэй орнуудад тодорхой ашиг сонирхлын хүрээнд нөлөөлөх, лобби хийх зорилготой байсан байж болзошгүй аж. Мөн Эпштейнтэй холбоотой АНУ-д ил болсон 3.5 сая орчим хуудас материал, зураг болон бусад баримтад Монгол Улсын нэр болон Монголын улс төрийн хүрээний хүмүүстэй холбоотой мэдээллүүд дурдагдсан асуудлыг сонсголоор хэлэлцэж байна.
Эпштейний баримтад дурдагдсан улстөрчид: Ерөнхийлөгч асан Х.Баттулга 81 удаа;
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 46 удаа;
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 4 удаа;
Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн 219 удаа;
Либерти партнерс ХХК-ийг үүсгэн байгуулагч Ч.Ганбат 194 удаа баримтад дурдагдсан байдаг. АНУ-ын Хууль зүйн яамнаас 2026.01.30-нд Жеффри Эпштейний хэрэгт холбогдох томоохон багцыг нийтэлснээр 3.5 сая орчим хуудас материал ил болсон юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!