Өглөө сэрүүлэг дуугарахад шууд босохын оронд “дахиад 5 минут” гэж бодоод сэрүүлгээ хойшлуулах нь олон хүний өглөөг эхлүүлэх нийтлэг зуршил. Заримдаа тэр 5 минут хэд хэдэн удаа давтагдаж, орноосоо босох хүртэл 20-30 минут өнгөрсөн байдаг.

Гэхдээ сэрүүлгээ 5 минутаар сунгаж унтах нь үнэхээр илүү амар сэрэхэд тусалдаг уу?

Энэ талаар судлаачид “snooze” буюу сэрүүлгийг түр хойшлуулах үйлдлийг судалжээ. 2022 онд нийтлэгдсэн нэгэн судалгаанд сэрүүлгээ дахин дахин хойшлуулах үед нойрны хамгийн сүүлийн 20 минутанд сэрэх болон хөнгөн нойрны үе нэмэгдэж, улмаар сэрсний дараах “sleep inertia” буюу нойрмог, манарсан байдлыг уртасгаж болзошгүй гэж дүгнэсэн байна. 

Гэхдээ үүнийг “сэрүүлгээ хэзээ ч хойшлуулж болохгүй” гэж ойлгох нь өрөөсгөл. 2023 онд хийсэн өөр нэг лабораторийн судалгаанд 31 хүн оролцож, 30 минутын snooze хэрэглэсэн хүмүүсийн сэрсний дараах зарим танин мэдэхүйн үзүүлэлт огцом сэрээсэн хүмүүстэй харьцуулахад муудаагүй бөгөөд зарим үзүүлэлтэд сайжрал ажиглагдсан байна. Судалгаанд “snooze” хийх үед нийт унтсан хугацаанаас ойролцоогоор 6 минут хасагдсан ч гүн нойрноос огцом сэрэхийг багасгасан байж болохыг дурджээ. 

Тэгэхээр гол асуудал нь ердөө “5 минут” биш, нийт хэдэн цаг унтаж байгаа болон сэрүүлгээ хэдэн удаа хойшлуулж байгаа явдал юм.

Насанд хүрсэн хүн ерөнхийдөө шөнө дор хаяж 7 цаг унтах шаардлагатай. Хэрэв хүн хангалттай унтаагүй байхад өглөө бүр сэрүүлгээ олон удаа хойшлуулж байвал энэ нь нойрны дутагдлыг нөхөж байгаа хэрэг биш юм. 

Мөн сэрсний дараах манаралтыг “sleep inertia” гэж нэрлэдэг бөгөөд энэ үед анхаарал төвлөрөл, хариу үйлдэл, ой тогтоолт түр хугацаанд буурч болно. Энэ байдал ихэвчлэн 30-60 минут үргэлжилдэг ч нойр дутуу үед илүү удаан үргэлжилж болно. 

Тиймээс өглөө сэрүүлэг дуугарахад хамгийн зөв арга нь сэрүүлгээ дахин дахин хойшлуулахын оронд хангалттай унтах, тогтмол цагт унтаж сэрэх, сэрсний дараа гэрэлд гарах зэрэг дадлыг хэвшүүлэх явдал юм.