Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2026.11.03) “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн Гангийн үйлдвэрийн Бэлдэц үйлдвэрлэх цехийн дарга Халзангийн Баярсайханд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ.
Х.Баярсайхан 1993 онд тус үйлдвэрт туслах ган хайлагчаар ажлын гараагаа эхэлж, өдгөө 33 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг сайжруулах, тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг бууруулах, түүхий эд материалын зарцуулалтыг оновчтой болгох чиглэлээр олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлжээ.
Тэрээр технологийн сайжруулалтын үр дүнд шингэн ган цутгах ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж, бэлдэц бүтээгдэхүүний хэмжээг 115х115 мм-ээс 130х130 мм болгон өөрчилснөөр бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн гарцыг өсгөхөд хувь нэмэр оруулсан байна. Мөн 2017 онд Монгол Улсад анх удаа ган бэлдэц үйлдвэрлэлийн технологид шанаган зуухны иж бүрэн тоног төхөөрөмж нэвтрүүлэх төслийг эхлүүлж, 2018 онд ашиглалтад оруулжээ.
Үүний дараа тасралтгүй цутгах машины хэсэгт цахилгаан соронзон хуйлруулагч бүхий талсжуулагч суурилуулах ажлыг хэрэгжүүлсэн нь үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. Х.Баярсайхан 2022 оноос бүтээмж, чанарыг сайжруулах чиглэлээр “Хамтын хүч” багийг санаачлан байгуулж, өртөг зардлыг бууруулах олон ажлыг хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд цехийн хамт олон 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Гангийн үйлдвэрийн Бэлдэц үйлдвэрлэх цехийн хамт олон өнгөрсөн 33 жилийн хугацаанд 48 мянга гаруй удаагийн хайлалт, цутгалт хийж, 1.2 сая гаруй тонн бэлдэц үйлдвэрлэсэн бөгөөд энэхүү амжилтад Х.Баярсайханы удирдан зохион байгуулах арга барил, бүтээлч санаачилга, олон жилийн хөдөлмөр чухал хувь нэмэр оруулжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!