Гай тарьсан Д.Одбаярыг гавъяа байгуулсан мэт угтаж авлаа!

Б.Ариунзаяа
2019/11/13


Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэх үндэслэлээр БНСУ-ын хуулийн байгууллага долоон сая вонн буюу 6008 ам.доллараар торгон, эх орон руугаа буцахыг нь зөвшөөрсөн тухай өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Ингэхдээ түүнийг маргааш эх орондоо буцна гэцгээж байсан ч өнөөдөр 16:45 цагийн үед монголд газарджээ. 

 


Баттай эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнөөдөр БНСУ-аас хоёр онгоц иржээ. МИАТ болон Корей эйр компанийн онгоцууд хоорондоо 5-10 минутын зайтай газардаж. Тэдний нэгээр нь Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр ирсэн төдийгүй  гай тарьсан түүнийг гавъяа байгуулсан мэтээр хүлээж авсан байна.

 

Д.Одбаяр монголд ирсэнээ мэдэгдүүлэхгүйн тулд нэлээд өндөр нууцлалын дор нисэх буудлаар нэвтрэлгүй онгоцны хоолойноос Зам тээврийн сайд Б.Энх-Амгалангаар тосуулжээ.  

 


Д.Одбаяр бол харь улсад ял сонссон хэрэгтэн. БНСУ-ын Инчеоны прокурорын газраас Д.Одбаярыг  яллах дүгнэлтэд тусгасан үйлдлүүдийн дийлэнхийг хүлээсэн хэмээн мэдэгдэж, түүнд  торгууль тавьсан.

 

Өөрөөр хэлбэл тус улсын хууль хяналтын байгууллагууд түүнийг  бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутай хэмээн ялласан. Гэтэл Засгийн газрын сайд нь түүнийг хөл алдан тосч авах нь хэр зохистой вэ. 

 

Нөгөө талаар ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр олны хэл амнаас нэлээд болгоомжилж байгаа бололтой. Салбарын сайдаараа халхавч хийн эх орондоо газардаж буй нь үүний баталгаа. Цахимд түүнийг өндөг шидэж угтах аян хүчтэй өрнөж байгаа нь ч  нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. 

 

Гэвч тэр өндөр нууцлал дор Засгийн газрын сайдаар угтуулж, тансаглах хүн мөн үү... !

 

 
  
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна