Албан тушаалын эрх мэдлээрээ далайлгаж төрийн өмчийн газрыг булаан авчээ

Админ
2022/03/04

Баян-Өлгий аймгийн удирдлагууд болох аймгийн Засаг дарга Д.Бауыржан,  Өлгий сумын Засаг дарга Д.Есболат, Аймгийн Боловсролын газрын дарга Г.Амантай нар  өөрсдийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, нийтийн эдэлбэр газрыг хувийн компанид хууль бусаар олгосон байна. 

Тодруулбал, Д.Бауыржан нь аймгийн ИТХ-ын дарга байхдаа 2017 оны 09 дүгээр 01-ний өдөр 114 тоот тогтоол үйлдэж, Баян-Өлгий аймгийн  5 дугаар сургуулийн эзэмшил 490 м.кв газрыг тус сургуулийн халаалтыг хариуцаж байсан “ТММН”  ХХК-д 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр  болжээ. Ингэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-н “в” дэд заалт “орон нутгийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, орон нутгийн бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах” гэх заалтыг үндэслэл болгосон байдаг.

      Үнэн хэрэгтээ “орон нутгийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлс” гэдэгт сургуулийн эзэмшил газар огт хамааралгүй бөгөөд  Газрын тухай хуулийн 3.1.9-т зааснаар "нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газар гэж хуульчилсан байдаг юм. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд  “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь  Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байх”-аар заасан байдаг.

      Гэтэл тухайн үед аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бауыржан нь Өлгий сумын 5 дугаар сургуулийн эзэмшил газрыг бусдад эзэмшүүлэх асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэлгүй  шууд Тэргүүлэгчдийн тогтоол гаргаж, “ТММН” ХХК-д эзэмшүүлэх зөвшөөрлийг 5 дугаар сургуулийн захиралд өгсөн байдаг. Энэ үйлдэл нь өөрийн ажил, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, хууль бус тогтоол гаргаж орон нутгийн өмчийн газрыг хувийн компанид эзэмшүүлсэнг харуулж байна. Нэг үгээр хэлбэл ЭХТА-н 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий” этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй харагдаж байгаа юм. 

    Харин Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга Д.Есболат нь Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржаны хууль бус шийдвэрийг хэрэгжүүлж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн эзэмшил 490 м.кв газрыг “ТММН” ХХК-д 30 жилийн хугацаатай эзэмшүүлэх А/170 тоот захирамж гаргаж, мөн л өөрт нь хуулиар олгоогүй эрх мэдлээ хэтрүүлж, хууль бус шийдвэр гаргасан байдаг.  Газрын тухай хуулийн 21.3.2-т зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг зөрчиж, аймгийн ИТХ-аас батлаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, орон нутгийн өмчийн сургуулийн газрыг хувийн компанид эзэмшүүлж шийдвэр гаргасан нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, хууль бусаар бусдад давуу байдал бий болгосонг харуулж байгаа юм.

Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Г.Амантай нь Өлгий сумын Засаг дарга Д.Есболат-д Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн эзэмшилд байгаа 490 м.кв газрыг “ТММН” ХХК-д чөлөөлөн өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн 326 тоот албан бичгийг хүргүүлсэн байдаг.  

Төрийн өмчийн газрыг хууль бусаар хувь компанид шилжүүлэн авсан “ТММН” ХХК-ий захирал Көкенайн Нурболат нь Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны Ерөнхийлөгч бөгөөд Д.Бауыржан, Д.Есболат нарын  дотны  найз аж. Тиймээс энэ бүхэн нь  ашиг сонирхлын зөрчил бүхий нэгдмэл хүмүүс гэдгийг харуулж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.84
    2022/03/09

    Шоронд хий

    Хариулах
  • 66.181.161.19
    2022/03/09

    Арай болохгүй байх

    Хариулах
  • 66.181.161.111
    2022/03/08

    Буцааж ав

    Хариулах
  • 103.57.92.209
    2022/03/05

    Арай л хэтэрсэн байна.Ер нь энэ нам гэх төрийн толгой лээр гарсан хүмүүсийг одоо хуулийн дагуу арга хэмжээ аваач.

    Хариулах
  • 202.55.188.41
    2022/03/04

    Газрыг сургууль буцааж өгч дулааны улиралд хүүхдүүдийн биеийн тамирын дасгал хийдэг талбай болгож засаж янзлах хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.88.179
    2022/03/04

    Erguu malnuudig zailuulah heregtei

    Хариулах