Тойргийн эрх ашиггүй, сонгуулийн өмнөх попролгүй ТӨСӨВ

Админ
2022/10/07

Аливаа реформыг алга урвуулах төдий хийчихдэггүй. Алхам алхмаар, асуудлаа шийдвэрлэх замаар хийсэн  шинэчлэл, өөрчлөлт урт удаан жил насладаг. Төсвийн реформ ч ялгаагүй, нэг удаад бүгдийг эрс өөрчлөх бус жил жилийнхээ циклээр буюу шийдвэрлэх асуудлаа илүү чамбайруулах замаар хийвэл бид зөв замаар хүрэх зорилгодоо дөхнө.    

УИХ-ын өчигдрийн чуулганд Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, ирэх 2023 оны жилийн төсвийн төслийг танилцууллаа. Ингэхдээ тэрбээр 2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг болохыг дурдаад 2023 оны төсөв зарим талаараа давс мэт шорвог сонсогдож магадгүй. Гэвч бид ирэх жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт хэрэгтэй чухал төслүүдийг цаг алдалгүй богино хугацаанд хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буй Шинэ сэргэлтийн төсөв хэмээн онцоллоо.

Үнэндээ бид төсвийн реформын жил жилийн намар, өвөл залхтал ярьдаг атлаа үе үеийн Засгийн газар, Сангийн сайд нь улстөрөө дийлдэггүй нь гашуун үнэн. Шинэчлэл хийх гэдэг ч баалсаар болиулдаг. Тэндээс тойргийн эрх ашиг, эндээс сонгуулиас сонгууль дамжсан амлалт, хажуухнаас зураг төсөв, эдийн засгийн тооцоогүй хөрөнгө оруулалт гэж тал талаас нь хэмлэдэг.

Гэхдээ бид одоо л шинэчлэлээ эхлүүлэхгүй бол хэзээ гэж.

Мэдээж бүх хүнд таалагдсан төсөв гэж хэзээ ч байхгүй. Энэ жилийн төсвийн төсөлд олон алдаатай шийдвэрүүд бий. Гэхдээ бидэнд төсөв ихээхэн дарамт үүсгэдэг “Хүүхдийн мөнгө”-өө илүү зорилтод бүлэг рүүгээ хандуулах шаардлага бий юу, бий. 500 мянган төгрөг, 5 сая төгрөгийн цалинтай иргэдээс адилхан татвар авдаг шударга бус зарчмаа өөрчлөх, жил ирэх бүр сумын төвийн шавар дагзнуудын тоог нэмсээр буй царцаасан барилгуудаа гүйцээх асуудал тулгамдсан асуудал байгаа юу, байгаа.

Гэвч бид асуудлыг гэв гэнэт өргөс авсан мэт шийдчихэж чадахгүй. Ирэх жил Хүүхдийн мөнгийг өндөр орлоготой иргэдэд олгохгүй байхаар заасан. Ингэхдээ өндөр орлоготой иргэдээ хүүхдийн мөнгөнөөс татгалзахыг уриалж буй. Хэрэв зарим хүмүүсийн ярьж байгаачлан хүүхдэд олгодог мөнгийг насны ялгаа гаргах байдлаар хасвал нийгэмд “түймэр” дэгдэх эрсдэлтэй. Тиймээс ирэх жил өндөр орлоготой, магад түүний дараа жилээс эдийн засаг сэргэсэн тохиолдолд дундаас дээш орлоготой иргэдийг хүүхдийн мөнгөнөөсөө хасах замаар зорилтод бүлэг рүүгээ чиглүүлэх нь эдийн засагт тустай баймаар. 

Энэ удаагийн төсвийн бас нэгэн ололттой тал нь шаталсан татварын тогтолцоо. Олон улсын санхүүгийн байгууллагууд нийгэмд орлогын тэгш бус харьцаа нэмэгдэж байхад бүх иргэдээс ижил татвар буюу хувь хүний орлогын албан татвар 10 хувиар авах нь учир дутагдалтай. Хүн амын дунд баян, ядуугийн харьцаа тэнгэр, газар шиг зөрүүтэй байхад яг ижил татвар авна гэдэг нь шударга бус. Тиймээс орлогын хэмжээтэй нь уялдан өсөн нэмэгдэх татварын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байгааг байнга шахам онцолдог.

Түүнчлэн ирэх оны төсөвт,  хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарлаж, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлэх, орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгох зэрэг олон шинэлэг заалтууд бий.

Тэр дундаа Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Улс төрийн намууд тэр дундаа УИХ-ын гишүүд сонгуулийн өмнөх жил тойрогтоо гойд анхаардаг. Аль болох бүтээн байгуулалт хийж, нутгийнхандаа оноо авах гэдэг. Тэгвэл энэ эрүүл бус тогтолцоо ирэх жилээс цэгцрэх нь. Харин эхлүүлээд орхисон төслүүдийнхээ 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар шийджээ. Түүнчлэн  Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээр энэ жилийн төсөвт оны эцэс гэхэд 200 тэрбум төгрөг хэмнэгдэх бол ирэх 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Цахим шилжилтийн хүрээнд нэг их наяд төгрөгөөр хэмнэгдэх тооцоолол гарчээ.

Бид асуудлыг үндсээр нь шийдвэрлэхийг шаарддаг. Реформ эхлүүлэхийг уухайлдаг. Ялангуяа жил бүр алдагдалтай батлагддаг төсөв дээр ихээхэн өөрчлөлт хийхийг эрх баригчдаас хүсдэг. Тэгвэл их өөрчлөлтийн эхлэл ийнхүү тавигджээ. Харин бид төсвийн сахилга батыг л Засгийн газар, Сангийн сайдаасаа хүсмээр байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна