“Covid 19”цар тахал Монгол Улсын эдийн засагт дарамт үзүүлсэн хэвээр байна. Хүнсний бүтээгдэхүүний инфляци эдийн засагт тодорхой эрсдэлүүд үүсгэхээр байна. Нийгмийн халамж нэмэгдсэн ч өрхийн орлого буурсан. Энэ нь ядуу өрхүүдэд хүнд тусахаар байна” хэмээн Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, Ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану нар мэдэгдлээ.

Дэлхийн банкнаас жилд хоёр удаа шинэчлэн гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцууллаа. Тус банк өнгөрсөн 4 дүгээр сард бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг 4,4 хувь байна хэмээн төсөөлж байсан ч 2.5 хувь болгож бууруулжээ. Үүнд  урт хугацаанд бүтээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг зогсоосонтой холбоотой гэж тайлбарлалаа.  

Манай улсын хувьд бүс нутгийнхаа хэмжээнд вакцинжуулалтаараа тэргүүлж байгаа ч цаашид дархлаажуулалтыг үргэлжлүүлж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах нь чухал байгааг Дэлхийн банк онцоллоо. Учир нь Монгол Улсад өөрийн гэсэн хүндрэлүүд байна.

Тодруулбал, цар тахлын нөлөөг бууруулахаар авч хэрэгжүүлсэн Засгийн газрын дэмжлэг 2020 онд эдийн засгийн хямралын нөлөөг сааруулсан. Улмаар 2021 онд өсөлтийг дэмжсэн ч өрхийн хэрэглээ оны эхний хагаст  буурчээ. Төсвөөс дэмжлэг олгож байгаа ч 2016 оноос анх удаа ийнхүү буурсан байна. Өөрөөр хэлбэл,  цалин хөлстэй холбоотой өрхийн орлогыг Засгийн газраас олгосон дэмжлэг нөхөж чадаагүй байна.

Цаашлаад өрхийн орлого буурсан үед хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь ядуу өрхөд хүндээр тусахаар байгааг Дэлхийн банк анхаарууллаа.  


Монгол улсын эдийн засгийн өсөлтийн дэмжих хүчин зүйлс: 

- Эдийн засгийн дэмжих бодлогын арга хэмжээ: Зээлийн хүртээмжтэй байдал, уул уурхайн бус экспорт

- Дэлхийн эдийн засгийн эерэг төлөв: Түүхий эдийн үнийн өсөлт

- Вакцинжуулалт: Оюу толгой зэрэг томоохон уурхайнуудын үйл ажиллагаа жигд явснаар нийт эдийн засагт давуу тал болно.