ТЭЭВЭРЧИД: Улстөрчид бидний зовлонгоор бүү шоудаарай

Б.Ариунзаяа
2021/10/13

#Шууд: Нүүрсний тээвэрчид ЗГ-т шаардлага хүргүүлж жагсаал зохион байгуулж байна.

Замын-Үүд-Гашуунсухайт-Чойр чиглэлийн тээврийн жолооч нар Засгийн газарт Гашуунсухайт боомт дээр болж байгаа нөхцөл байдалд яаралтай дүгнэлт гаргах, Л.Халтар сайдын Чойр чиглэлийн тээврийг хаах тухай тушаалыг цуцлах, Засгийн газраас яаралтай ээлжит бус хурлаа зарлаж, шийдвэр гаргах зэрэг шаардлагуудыг тавьж байна.

Тээвэрчдийн төлөөлөл: 

- Ерөнхийлөгчөө та дуугараач. Би тээвэрчний хүү, тээвэрчдийн зовлонг ойлгодог гэж ярьдаг. Өнөөдөр танд эрх мэдэл байна, яагаад ингээд тээвэрчидээ хог дээр хаячихав. Одоо энд л дорвитой шийдвэр гарахгүй бол хилийн боомтууд дээр бослого, тэмцэл гарч эхэллээ. Ард иргэд нь цагдаатайгаа, төртэйгээ байлдах хэмжээнд хүрчихээд байна.

- Өнгөрсөн даваа гарагт тээвэрчид Л.Халтар сайдад шаардлага хүргүүлсэн. Тэр үед сайд өөрөө хүлээж авч уулзаагүй.  Яамны Ажлын хэсгийнхэн нь хүүхэд хуурч байгаа шиг, хуралдаж байна гэж хүлээлгэсээр байгаад дахиад нэг хуралдаж байж шийднэ гэсэн. Өнөөдөр хариу өгөөгүй. Энэ хооронд Л.Халтар сайд өөрийнхөө магтуулсан мэдээ, мэдээллийг хэвлэлүүдээр цацаад эхэллээ. 

- Л.Халтар өнөөдрийн дотор тушаалаа цуцлахгүй бол боом дээр хоригдсон, Замын-Үүд дээр гацсан бүх тээвэрчид өлсгөлөн зарлахад хүрч байна. Бид улстөрчид биш, худлаа ярьж шоудахгүй. Өмнөд хил дээр байгаа жолооч нар өлсгөлөн, өвчинд нэрвэгдэж байхад дуугүй сууж чадахгүй байна. 14 мянган тээврийн жолоочийн асуудал шүү. 

Сүүлд авсан мэдээллээр, Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр ЗТХ-ийн сайд Л.Халтарыг Сүхбаатарын талбайд болж буй жагсаалтай холбоотойгоор тээвэрчдийн асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгч, Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна