Монгол Улсын Засгийн газар Оюутолгой ХХК-тай хийсэн хэлцэл үр дүнд хүрч, 34 хувьд ногдох 2,6 тэрбум ам.долларын өрийг тэглэх шийдвэр гаргасныг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Ингэснээр өмнө нь тооцоолж байсанчлан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй, монголчуудад хүртэх ногдол ашиг наашлах боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ энэ үр дүн, гавьяа ганц Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрынх  бус өнгөрсөн хугацаанд Оюутолгой гэрээг сайжруулахын төлөө ажиллаж ирсэн улс төрчдийн тэр дундаа Оюутолгойн гэрээнд асуудал байна, МУ-ын хууль дүрэмд нийцүүлэн ажилла гэж шаардан шалгалт оруулсныхаа төлөө огцорсон Шинэчлэлийн Засгийн газрын гавьяа бий гэдгийг онцлох нь зөв болов уу.


Н.Алтанхуягийн буюу Шинэчлэлийн Засгийн газрын огцорсон шалтгааныг улс төрчид өөр өөр тайлбарладаг. Гэхдээ Оюутолгой гэрээг сайжруулахын төлөө ажилласныхаа төлөө “хойдох”-оо уншуулсан гэдэг нь үнэнд хамгийн ойр болов уу. Учир нь Оюутолгой ХХК-д хамгийн их шахалт үзүүлсэн Засгийн газар нь Шинэчлэлийнх.  Тухайлбал Н.Алтанхуяг Засгийн газраа байгуулаад удаагүй байхдаа буюу 2 сарын дараа /2012.10.25/ Оюутолгойн гэрээнд хяналт тавих, УИХ-аас гарсан шийдвэрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж байв.  Улмаар оны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд /2013.02.02/  "Оюутолгой" ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал болох гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийж, “Оюутолгой”-г Монгол улсын хуульд нийцүүлж ажиллахыг шаардсан удаатай.

Ингэхдээ  “Оюутолгой”-н анхны бүтээгдэхүүн гарах хүртэлх хөрөнгө оруулалтын хэмжээ 2 тэрбум ам доллараар нэмэгдсэнийг шүүмжилж, үндэслэлээ тайлбарлахыг, МУ-ын хуульд нийцэн ажиллахыг шаардсан.


Энэ талаар Н.Алтанхуяг “2012 оны жилийн эцсийн байдлаар ТЭЗҮ дээр тохирчихсон байсан 5.1 тэрбум ам.доллар нь 7.1 тэрбум ам.доллард хүрээд, анхны тохирсон хэмжээ маань даруй 2 тэрбум ам.доллараар өсчихөөд байна. 40 орчим хувиар гэсэн үг. Анхны хөрөнгө оруулалтын зардал 2 тэрбумаар өссөнийг учир шалтгааныг Монголын тал тодруулахаар Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш ярьж байна. Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн түвшинд хоёр жилийн хугацаанд манай улсын гурван төлөөлөгч сууж байгаа. Тэд төслийн зардал өссөн шалтгааныг тодорхой болгооч гэж шахаж шаардсаар ирсэн. Өнгөрсөн хоёр жилд хөрөнгө оруулалтаа ТУЗ нь батлаад ирсэн. Өөрөөр хэлбэл тохирсноосоо нэмж батлуулаад, тайлбараа хэлэхгүй явж ирсэн. 

Дахиад “Оюутолгой” 2012 оны эцэст ТУЗ-ийн хурлаа хийж, 2013 оны хөрөнгө оруулалтаа батлана гэсэн. Засгийн газрын зүгээс 2012 онд өмнөх хөрөнгө оруулалтаа 2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж баталсныхаа учрыг одоо болтол тайлбарлаагүй байж дахин 2013 оны хөрөнгө оруулалтаа батлана гэдэг боломжгүй зүйл гэж хэлсэн. Тиймээс Монголын талыг төлөөлөн ТУЗ-д ажиллаж байгаа хүмүүсийг хуралд орохгүй байх хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн учир хурал нь болоогүй. Хоёр тэрбум ам.доллараар анхны хөрөнгө оруулалт маань өсөхөд 34 хувиа зээлээр санхүүжүүлээд явж байгаа манай улсын хүртэх ашиг яваандаа буурна.  Тийм учраас Монгол Улсын Засгийн газар ул үндэсгүй зүйл шаардаагүй. Цагаан цаасан дээр хараар буулгасан ТЭЗҮ-дээ заасан хэмжээндээ бүтээн байгуулалтаа хийгээч гэдгийг л шаардаж байгаа юм” гэхчлэн хүчтэй эсэргүүцэж байв.

Энэ мэдэгдлийн дараахан /2021.03.25/ Оюутолгой ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтанд үндэслэн шалгах Шуурхай ажлын хэсэг байгуулж, Оюутолгой төслийн 2010-2012 онуудын “Анхны хөрөнгө оруулалт”-д судалгаа хийх, дүгнэлт гаргаж байв. Ажлын хэсгээ нэлээн том бүрэлдэхүүнтэй байгуулж, хийж гүйцэтгэх ажлуудыг нь өргөн хүрээнд баталж байсан билээ. 

Н.Алтанхуягийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд "Оюутолгой" ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал болох гэж буйтай холбогдуулан хийсэн мэдээллийг энд дарж үзнэ үү

Н.Алтанхуяг: “Оюутолгой”-г Монгол улсын хуульд нийцүүлж ажиллахыг шаардаж байна