#ШУУД: М.Тулгат: Миний нэрийг УДШ-ээс дураараа татсан С.Эрдэнийг үндсэн дүрмийн хороонд өгч байна!

  • - 12 дугаар сарын 6-ны өдөр УДШ-д материалаа хүргүүлсэн. Гэвч 10-ны өдөр бүрдүүлбэр дутуу гэдэг үндэслэлээр буцааж татсан байсныг АН-ын удирдлагуудын хэн ч мэдээгүй байсан. Миний материал татагдсан гэдгийг би өөрөө ч мэдээгүй байсан.
  • - Өнгөрсөн долоо хоногт 4.11 мэдээллийн цагаар С.Эрдэнэ “М.Тулгат О.Цогтгэрэлийн талтай наймаалцсан байна. Тиймээс ҮДХ-оор энэ асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна” гэж мэдээлсэн. Дараа нь “Хэрэв М.Тулгатын энэ шийдвэр ҮДХ дүрэм зөрчсөн гэж үзвэл дахин АН-ын даргын сунгааг зохион байгуулах нөхцөл үүсэж болно” гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн байсан.
  • - Цахим орчинд намайг М.Тулгат О.Цогтгэрэлтэй тохиролцсон, наймаалцсан гэх мессэжийг явуулсаар байна. Энэ явуулгыг АН-ын өмнөх дарга хийгээгүй байгаасай гэж хүсэж байна.
  • - Намайг АН-ын 847 төлөөлөгч АН-ын  даргаар батламжилсан. Намайг АН-ын даргаар УДШ-д бүртгүүлэх ажлыг ЕНБД Ч.Өнөрбаярт даалгасан. Өнгөрсөн хугацаанд аливаад хүлээцтэй хандаж ирсэн. Учир нь М.Тулгат даргатай АН, О.Цогтгэрэл даргатай АН дээр С.Эрдэнийг нэмэхийг хүсээгүй. Би намынхаа Их хурал дээр “Би хоёр хуваагдсан АН-ыг нэгтгэж, АН-ыг  шинэчилнэ” гэж  тэдэнд амалсан.  Гэвч энэ нь  үнэхээр амаргүй байна.
  • - Намын эвлэрлийн явцыг аль нэг талд урвасан, наймаалцсан мэтээр тайлбарлаж байгаа нь байж болохгүй үйлдэл. Хууль ёсны намын даргын хувьд УДШ ямар асуудалгүйгээр бүртгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байсан учраас хууль журмын дагуу бүртгэл явагдвал ямар нэгэн гомдол санал гаргахгүй гэдэг бичиг үйлдэхийг зөвшөөрсөн. Хэрэв миний материалыг буцааж аваагүй байсан бол өнөөдөр АН-ын асуудал шийдэгдчихсэн байх өндөр магадлалтай.
  • - Өнгөрсөн хугацаанд АН-ын даргын бүртгэлийг УДШ 2 талаас бичиг ирээд байна. Дотоод асуудлаа шийд гэсэн шийдвэр гаргасан. Сая ганцхан О.Цогтгэрэлийн материал УДШ-д очсон. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэлийн талд шийдвэр гарах магадлал байлаа. Харин Дээд шүүх ном журмынхаа дагуу хэлэлцээд бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байна.
  • - Ардчиллын лидерүүдийг барьж, хорьж байгаа нь Ардчилалд заналхийлж байгаа энэ цаг үед АН хуваагдаж, талцаж болохгүй. АН  хуваагдмал чигээрээ явах нь эрх баригчдад ашигтай.
  • - Ардчиллын баян бүрд болсон Монгол Улсын хувьд АН-ын асуудлыг шийдвэрлэх нь М.Тулгат, О.Цогтгэрэл, С.Эрдэнийн асуудал огт биш. Нэн хариуцлагатай үед УДШ Үндсэн хуулийн манаачийн хувьд улс төрийн ямар нэг сонирхолгүйгээр шударгаар шүүнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
  • - Мөн УДШ-д бүртгүүлэх үйл явцад ямар нэгэн байдлаар саад болж байгаа хүмүүс хувь хүнийхээ эрх ашгийг хойш тавиач. АН бол ямар нэгэн хүний хувийн компани, хүмүүсийн улс төрийн хүсэл сонирхлыг гүйцээх хэрэгсэл биш.
  • - АН Ардчиллынхаа цэнхэр өнгөнөөс улам холдож байгаад санаа зовж, даргын сунгаанд оролцсон. Миний зорилго бол намын дарга байхаас илүү АН-ыг шинэчлэхийн төлөө  явах. Үүний төлөө сайн, муугаар хэлүүлээд өнөөдрийг хүрлээ. 
  • - Хамгийн гол нь итгэл сэтгэлээр намынхаа төлөө ажиллаж байсан дараа үеэ өмнөх нөгөө л нэг байдаг аргаараа битгий харлуулаач. Үнэхээр арчаагүй харагдаж байна. Энэ байдлыг үзэн ядаж байна. Үнэндээ Ардчиллын хувь заяа сэхээний орон дээр байна. 
  • - УДШ-д АН-ын даргын бүртгэх асуудлыг буцаасантай холбогдуулан С.Эрдэнийг Үндсэн дүрмийн хороонд гомдол гаргаж, дүгнэлт гаргуулахаар хандаж байна. Үндэслэлгүйгээр санаатай, санаандгүй байдлаар нэр төрд халдах ажиллагааг үгийнхээ хачир болгож хэлж байгаад дүгнэлт гаргуулах нь зөв байх.