Э.Батшугар: Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийг баталлаа

Админ
2022/01/20

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2022.01.20) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Хурлын үеэр Кибер аюулгүй байдлын тухай хууль нь Монгол Улсад анх удаа батлагдаж байгаа анхдагч хууль бөгөөд сүүлийн 15 жилийн хугацаанд энэ асуудал яригдаж, 7 удаа төсөл боловсруулагдаж байсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар онцлов.

Технологийн хөгжилтэй зэрэгцээд шинэ төрлийн цахим гэмт хэргийн тоо олон улсын хэмжээнд ч, Монгол Улсын хэмжээнд ч олноор бүртгэгдэх болсныг тэрбээр дурдаад “Ойролцоогоор 2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний крипто валют одоогоор цахим гэмт хэргийн халдлагад өртсөн гэх мэдээлэл байна. Энэ мэт нөхцөл байдлын улмаас Монгол Улс энэ чиглэлд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага үүссэн” гэв.

Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоо, эрх зүйн орчин бүрдэж, иргэн хуулийн этгээд төрийн байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах талаарх эрх, үүрэг нь тодорхой болж, кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх, хяналт тавих, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах боломж бүрджээ.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллаж, үндэсний хэмжээний кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ажлыг хэрэгжүүлнэ.

Засгийн газар үндэсний хэмжээний кибер халдлагын үед ажиллах төлөвлөгөө, стратеги, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт зэрэг баримт бичгийг батлахаар заажээ. Түүнчлэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хүний нөөц, техник, технологийн чадавх, мэдээллийн сантай Үндэсний төвийг тагнуулын байгууллагын бүтцэд, Нийтийн төвийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд тус тус байгуулж, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг Үндэсний төв, бусад иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг Нийтийн төв тус тус хангаж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүргийг хуулиар хүлээх юм.

Мөн Зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хамгаалах зохицуулалтыг хуульд тусгасан байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай болон Кибер аюулгүй байдлын тухай хуулиуд 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэнэ. Харин Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль нь ердийн журмаар хэрэгжиж эхэлнэ гэдгийг Байнгын хорооны дарга онцлон мэдээллээ. Тус хууль хэрэгжиж эхэлмэгц виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг шинээр бүртгэхийг хориглож, шаардлагатай журам, стандартыг боловсруулж батлах болно гэв. Үүнээс хойш дөрвөн сарын хугацаанд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй бирж бүртгэлээ хийлгэх боломжтой гэв. Мөн Зар сурталчилгааны тухай хуулийн дагуу бүх төрлийн виртуал хөрөнгө, койныг олон нийтэд суралчлах, олон нийтийн үйл ажиллагааг ивээн тэтгэхийг хориглож байгаа зохицуулалтыг онцолж, дэлгэрэнгүй тайлбар хийлээ.

Аж үйлдвэрийн IV хувьсгалд манай улсын хувьд үндэсний кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн тогтолцоо, улс орны хөгжил, аюулгүй байдалд түлхэц болох, цаашлаад үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болох мэдээллийн аюулгүй байдлаа хангах нөхцөлийг бүрдүүлж байгаа амин чухал хуультай болж байгааг Байнгын хорооны дарга Н.Учрал онцоллоо.

Ийнхүү Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Инновац, цахим бодлогын байнгын хорооны үйл ажиллагааны тайланг дэлгэрэнгүй танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгснөөр хэвлэлийн хурал өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна