Н.Лутбаяр: Үндэсний спорт утгаа алдлаа. Тэр дундаа бөх нь арилжааны чанартай, адуу нь эрлийзэн хувьсаж байна!

Н.Лутбаяр: 

- Хонин холбоос хөврөх мэт үйл явдлууд хаврын цөн төрөхтэй давхцаад явж байна. Үндэстний дархлаа болсон үндэсний спорт, наадгайны талаарх үндэсний чуулган болж байна. Сүүлийн 100 жилийн хугацаанд үндэснийхээ спорт наадгайд ингэж анхаарч байсан удаагүй. Хөдөө орон нутгаас 800 төлөөлөгч ирснээс 300 гаруй нь уяачид байна. 

- Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд хэд хэдэн чухал зүйл дурдагдлаа. Эрийн гурван наадмыг бизнесийн ашиг сонирхол, алдар хүндийн талбар болгосон. Бөх нь сэргээштэй хутгалдаад, хоёр хүн гарч ирээд барилдана, барилдахгүйгээ тулаад л. Үндэснийхээ өв соёл руу өөрсдөө халдаж байгаа нь хамгийн харамсал төрүүлж байна. 

- Эрийн гурван наадмыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Энэ нь дэлхийн улс орнуудын өмнө өв соёлоо хамгаалах, хадгалах үүргийг давхар хүлээж байгаа хэрэг. Гэтэл бид энэ өв соёлоо арилжааны талбар болгож, үүнийгээ уршгийг амссаар байна. 

- Монгол хүн бөх, морь хоёртоо хайртай байдаг. Хуучин 5,7 давааг өнгөрөөчихвөл гэж хардаг байсан бол одоо бүх даваа найраатай болсон, тав давж, тул тойроогүй бөх цол авдаг болсон. Цаашлаад хүн төрөлхтөн хориглодог бодисуудыг хэрэглэснээс болж, Монгол хүний генд асуудал үүсэж байна. 

- Сүүлдээ монгол хүн, монгол адуу гэж байхгүй гэж ярьдаг болж. Энэ бол солиорол.

- Бид жудаг ёсоо үгүйсгэж байгаа юм чинь хууль гаргаад өг, түүнийг мөрдөөд явъя гэсэн хүлээлт байна. Өөрсдөө шийдэх гээд барахгүй байна. Наад зах нь Баяр наадмын тухай хуульд 6 насны морь уралдана гэж заачихаад одоо 9 насны морь уралдаж байна. 

- Болохгүй бүтэхгүй бол дор байгаа юм биш, дээр буюу төрд хүртэл байна. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг цэвэрлэж байж, үндэсний өв соёлоо хуулиар хамгаалах цаг ирсэн гэж харж байна.