Өнгөрөгч долоо хоногт АН намын даргын сунгаа хийхээр болсноо зарласан. Хэдийгээр тус сунгааг С.Эрдэнэ хууль бус гэж мэдэгдэж байгаа ч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл намынхаа даргын сунгааны талаар болон Х.Баттулгын талаар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Улстөрийн хүрээнийхэн түүнийг Х.Баттулгын талынх гэдэг. Тиймдээ ч  өнгөрсөн хугацаанд АН-ыг Х.Баттулгад өгөх ажиллагааг О.Цогтгэрэл дэмжлээ гэх мессэжийг тасралтгүй явуулсан.

Гэвч  О.Цогтгэрэл өнөөдөр байр суурь илэрхийлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь АН-ын дарга болох ёстой хэмээн мэдэгдлээ. 

О.Цогтгэрэл: 

- Аливаа бүхэн цагтай” гэж ухаантнууд айлдсан нь бий. Ардчилсан намын уналт, сорилт шийдэгдэх цаг аль хэдийн болсон. Нам маань аль болох хурдан цэгцрэх нь зөвхөн бидний асуудал биш нийт Монголын төлөөх үйл хэрэг.

Намын даргын сунгаанд нэр дэвшигчид тодорлоо.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөгийн топ улстөрчдийн нэг. Түүнд Монголын төрд гүйцэтгэсэн гавьяа ч бий, гай ч бас бий. Нэгэнт улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн хүртэл ажиллачихсан эрхмүүд талцал өрсөлдөөнд орох биш нэгдэл, нягтрал ойлголцлын төлөө явах ёстой гэж боддог.

Ийм учраас энэ сунгаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ялах ёстой. Тэгж байж АН эргэн нэгдэн, сэргэн бадарна. Надад Ж.Батсуурийгаа дэмжих бодит шалтгаанууд бий.

Би ардчиллын зарчим, хүний эрх, Үндсэн хуулийн үзэл санааны дагуу аливаа ялгаварлалыг дэмждэггүй. Гэхдээ АН-д өнөөдөр яалт ч үгүй үе солигдох ёстой. Би, зөвхөн би гэсэн анхдагч ах нарын талцал өнөөдөрт хүргэсэн. Тэд өш хонзонгоо үүрцгээгээд холдох ёстой.

Ж.Батсуурьт нөхөдтэйгээ хамтарч, цугтаа зүтгэж хүрсэн амжилтын түүх бий. Түүнийг би биш бид төвтэй удирдагч гэж итгэдэг. Намайг өмнө нь дэвшихэд миний материалыг эргэлзээгүй бариад зогсож байсанд нь хүн ёсны хувьд, найзын хувьд би "өртэй".

Миний найз миний чадаагүйг чадаасай, намаа нэгтгээсэй, Монголдоо хувь нэмрээ оруулаасай гэсэн хор шар, хүсэл мөрөөдөл надад, миний үеийнхэнд, нөхдөд маань бий. Төгс хүн гэж үгүй, олуулаа нийлж дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж байж амжилтанд хүрнэ.

Ж.Батсуурь эрхэм найз минь, улам хүчтэй зориглоорой, чамд ухрах зай байхгүй ард чинь Ардчилал, Ардчилсан намын хувь заяа харж байна.