Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэйгээр гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантайгаа холбогдуулан Засгийн газрын гишүүдийнхээ хамт мэдээлэл хийж байна. Энэ үеэр Хүнсний бүтээгдэхүүн, шатахууны  үнийн өсөлт болоод иргэдийн амьжиргааны түвшин буурч байна. Яагаад хариуцлагын асуудал яригдахгүй байна вэ. Монголбанк үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Албан ханш нь үйлчлэхгүй байна. Банкууд нь валют гаргахгүй байна. Өөрөө огцорч болох уу" гэх сэтгүүлчийн асуултад хариуллаа. 


Л.Оюун-Эрдэнэ: 

 - Засгийн газрын хувьд болж байгаа зүйл бий, алдаж байгаа зүйл ч бий. Өнгөрсөн жилүүдэд нэг Засгийн газар дунджаар 1,5 жилийн настай байсан. Тиймээс Засгийн газар тогтвортой байх нь чухал. Би бууж өгөхгүй. Хүнд үеэ иргэдтэйгээ даваад гарна. Үнэхээр алдаа гаргасан албан тушаалтан байвал хариуцлага тооцож байгаа. Нэг өдрийн дотор сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг ч огцруулж байсан үе бий. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. 

Монголбанк бол УИХ-ын харьяа байгууллага. Гэхдээ энэ цаг үе бол ямар ч Монголбанкны ерөнхийлөгч байсан хүнд цаг үе. Төв банк дотор хэдэн хүн шүгэлдээд байгааг сонссон. Тэдэнд аятайхан байгаарай гэж хэлье, эрх баригч намын даргын хувьд. УИХ-ын гишүүд дээр ороод Монголбанкны дараагийн ерөнхийлөгч болно гээд явж байгаа сураг дуулдаж байгаа шүү. Залуучууд амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад албан тушаалын дон шүгэлж далчигнаад хэрэггүй гэдгийг хатуу хэлье. Төв банкны ерөнхийлөгч огцрохгүй. Ажлаа хийгээд явна. Хүнд цаг үеэ сөрөөд зогсож байгаа төрийн албан хаагчаа хамгаална гэв.