УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

- Хэлэлцэж буй асуудлыг дэмжиж байна. Олон улсын гэрээ хэлэлцээр нэгдээд явах нь зөв. Гэхдээ дотооддоо чанар стандартаа хангаж чадаж байгаа юу үгүй гэдгийг анхаарах ёстой. Европ руу гарах гол замаа дөрвөн жил самарч хаячихаад сууж байна. Дарханы зам дээр учирч байгаа иргэд, аж ахуйн нэгжийн хохирлыг хэн барагдуулах юм. Энэ хохирлын үндсийг тарьсан анхны үнэлгээний хороо, тодруулбал Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хийлгэж байгаа төслийн хоёр болон дөрөвдүгээр багцыг Хятадын нэг бүтэлгүй компани хамгийн эхэлж өгсөн Үнэлгээний хороог АТГ-т болон хууль хяналтын байгууллагад шалгуул гэдэг хүсэлтийг гурван удаа тавьсан. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар та гурван удаа татгалзаж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын үүрэг. Сайд та шалгуулах үүрэгтэй. Шалгуулахгүй яагаад тойрч зугтаагаад байна вэ, та. Өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн  Дарханы замын осол аваарын тоо 38-40 хувь өссөн. Энэ нь түр замыг стандартын шаардлагад нийцүүлмээр байна. Үүнийг хэрхэн зохион байгуулах вэ.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: 

-  Тийм ээ, танаас ирсэн. Яам үүнийгээ АТГ-т өг гэж. Цаад утгаараа яам Азийн хөгжлийн банкыг АТГ-т өгөхтэй агаар нэг болчихоод байгаа юм. Үе, үе хамтарч ажиллаж ирсэн Азийн хөгжлийн банк, хамтраад шалгаруулсан тендерийнхээ байгууллагыг өгөх нь таатай зүйл биш. Яам өгөх нь ёс зүйтэй асуудал биш, Ажлын хэсэг өгч болно.

- Түр зам дээр Замын цагдаагийн пост ажиллаж байгаа. Мөн түр зам дээр хурд хэтрүүлэхээс бусад шалтгаанаар иргэдийн амь нас хохирох, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирвол гүйцэтгэгч компани хариуцана гэдгийг гэрээн дээрээ тодорхой тусгаж өгсөн. 

- Бүтээн байгуулалтын ажил сайн явж байгаа. Замчдын ажлыг битгий харлуулаарай. Бүх ажил дээр нь зохион байгуулалт хийгээд явж байна. 2023 онд 4 дүгээр багц ашиглалтад орох төлөвлөгөөтэй. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

-  "Тендерийн үнэлгээний хороог байгуулсан тушаал Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар бий болсон уу. Эсвэл Азийн хөгжлийн банк тушаалаар байгуулагдсан уу. 

- Хоёрт, гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг сайд танд бий. Та мундаг ёс зүйтэй харагдах гээд шалгуулахгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдах гээд байна. Та үүнийгээ шалгуулсан дээр байх.