ОУВС-гийн Ажлын хэсэг манай улсад ажиллан эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэр гаргах түвшнийхэнд тодорхой зөвлөмж хүргүүлсэн талаараа мэдээллээ. Тэд юуны түрүүнд сүүлийн хоёр жил Монгол улсад ирж ажиллах боломжгүй байлаа. Харин Засгийн газраас цар тахлын хүндрэлийг иргэдтэйгээ хамтарч амжилттай давсан учир бидэнд ажиллах боломж олдож байна. Өнөөдөр Монголын эдийн засагт бодитой эрсдэлүүд нүүрлээд байна. Эдгээр эрсдэлийг монголчууд “Ирээдүйд их зовсноос одоо бага зов”гэх зарчмаар ажиллаж давах хэрэгтэй. Хамгийн гол нь монголчууд ковидын хүндрэлийг Засгийн газартайгаа нэг санаатай байж давсан шиг эдийн засаг, тэр дундаа инфляцийн хүндрэлийг яг л тэрхүү сэтгэлээр даван туулах нь чухал гэдгийг онцоллоо.

ОУВС-гийн ажлын хэсгийн зөвлөмж:

  • Бид өнгөрсөн жил Монголын эдийн засаг нэлээн тэлэлттэй байж, 7 хувийн өсөлттэй байна хэмээн төсөөлж байсан. Ингэхдээ зарим нэг эрсдэл гарч болзошгүйг сануулсан. Өнөөдөр олон улсын хүчин зүйлийн нөлөөллөөс Монголын эдийн засагт эрсдэлүүд бодитой нүүрлээд байна. Олон улсад үүссэн эдийн засгийн “шок”-ноос үүдэн бид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэг хувь болгон бууруулсан.
  • Олон улсын нөхцөл байдал намжиж сөрөг үр нөлөө багаслаа ч гэсэн Монгол Улсын хувьд ирэх жил амаргүй байна. Учир нь 2023 онд их хэмжээний өр төлбөр төлнө. Тиймээс хүн амд үзүүлж буй нийгмийн дэмжлэгийг хавтгайруулалгүйгээр, илүү зорилтот бүлэг рүүгээ анхаарах нь чухал.
  • -Иргэд инфляцийн дарамтад ихээр өртөж байна. Туршлагаас харахад  өндөр инфляцид ядуу иргэд ихээр өртдөг.
  • -Тиймээс төрөөс үзүүлж буй дэмжлэгээ зорилтот бүлгүүддээ чиглүүлэх нь зохистой.  Хавтгайруулж олгосон халамж дотоодын зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж, инфляц хөөрөгддөг.
  • -Монгол Улсын Засгийн газрын зүгээс аливаа арга хэмжээг авахдаа консерватив байдлаар хандах хэрэгтэй. Ипотекийн зээл дээр гэхэд дөрөв дэх орон сууцаа авч байгаа иргэнд бус анх удаа орон сууц авч байгаа иргэнд дэмжлэг очдог байх ёстой.

 Энэ бүх асуудлыг Засгийн газар, иргэдтэйгээ хамтарч шийдэж чадвал ирэх онд төлөх бондын өр төлбөрүүдээ төлөх бүрэн боломжтой гэлээ.