БНХАУ-ын Олон Улсын Худалдааны Маргаанаас Урьдчилан Сэргийлэх, Зохицуулах Байгууллага (ICDPASO)-тай МҮХАҮТ хамтран ажиллана

Админ
2022/08/11

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-ийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол-Хятадын харилцан ашигтай байх худалдааны орчныг бүрдүүлэхээр тохирсон. Энэ сэдвийн хүрээнд хоёр орны худалдаанд тулгамдсан хүндрэл бэрхшээл, маргаантай асуудлуудыг харилцан зөвшилцөх замаар үе шаттай шийдвэрлэхэд Хамтран ажиллах Санамж бичгийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо (CCPIT)-той байгуулж, 2022 оны 8 дугаар сарын 8-нд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, CCPIT-ийн Хууль зүйн газрын дарга бөгөөд Олон Улсын Худалдааны Маргаанаас Урьдчилан Сэргийлэх, Зохицуулах байгууллага (ICDPASO)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Лю Чао нар гарын үсэг зурлаа.

Олон улсын жишигт нийцсэн, ил тод, шударга, худалдааны орчинг бүрдүүлэх чиглэлд 2028 он хүртэл шат дараалсан арга хэмжээ хэрэгжүүлэх санамж бичгийн хүрээнд түүхий эдийн болон уул уурхайн бус экспортод завсрын борлуулагч (ченж)-ийн тогтолцоог цэгцлэх, ил тод болгох, татварыг бүрэн мэдүүлэх, үйлдвэрлэлийг Монгол Улсын стандартад нийцүүлэх зэргээр хамтран ажилласнаар худалдааг олон улсын худалдааны зарчим, жишигт нийцүүлж, гэрээний үндсэн дээр олон улсын зах зээлийн ханшаар явуулах, хоёр орны худалдааны харилцаанд шударга, үндэслэлтэй, харилцан ашигтай олон улсын худалдааны орчинг бүрдүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал алхам болно гэж тооцоолж байна.

Үүнээс гадна, БНХАУ-ын иргэн, аж ахуйн нэгжүүдтэй худалдаа хийдэг Монголын аж ахуй нэгж, иргэд хохирсон тохиолдолд тэдний эрх ашгийг хамгаалж, хохиролгүй болгох чиглэлээр Хятадын Олон улсын Худалдааны маргаанаас урьдчилан сэргийлэх, зохицуулах байгууллага (ICDPASO)-тай хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрч эхэллээ. Энэхүү асуудлыг МҮХАҮТ-ын хамтын ажиллагаа бүхий "Хууль зүйн хөгжил шинэтгэлийн хүрээлэн" ТББ хариуцан ажиллаж буй бөгөөд иргэн, ААН-үүд хүсэлтээ албан ёсоор тавьж, шийдвэрлүүлэх боломжтой юм.

Хятадын иргэн, ААН-тэй худалдаа хийхдээ хохирсон иргэн, ААН 8098-8888, 8811-5425, legalinstitute.ldra@gmail.com хаягаар дээрх ТББ-тай холбогдож, мэдээллээ ирүүлэхэд нээлттэй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна