Энэ намрын улс төр халуун, уур амьсгал нь ширүүхэн байх нь. Учир нь  Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой чухал шийдвэр гаргасан нь ийнхүү бужигнахад хүрээд байна. Тодруулбал Засгийн газрын бүх сайд УИХ-ын гишүүн байхыг хүлээн зөвшөөрчээ. Уг нь өмнө нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  "Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан. Гэвч энэ нэмэлт Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж байна гэж үзсэн нь улстөрийнхний дунд жинхэнэ гал асааж байна.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулан  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргажээ.

Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал; Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох аж. Хэрэв УИХ-ын ээлжит бус чуулганаар ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээн авбал Засгийн газарт өөрчлөлт орох нөхцөл бүрдэх юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт УИХ-ын гишүүн бус сайдууд цөөнгүй бий. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг оролцуулаад Засгийн газар 18 сайдтайгаас УИХ-ын гишүүн бус 12 сайд байна.  БОАЖ, БХБ, Батлан хамгаалах, Гадаад харилцаа, ЗТХ, Соёлын яам, УУХҮ, ХНХ, ХХААХҮ, Эрүүл мэнд, Эрчим хүчний яамыг УИХ-ын гишүүн бус, улс төрч биш хүмүүс удирдаж байна. Эдгээр сайдууд Засгийн газартаа үлдэх эсэхийг Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шийдэх нь.