​ Төсөв: 10 саяас дээш цалинтай иргэдээс ХХОАТ авч, өндөр орлоготой иргэдэд ХҮҮХДИЙН мөнгө олгохгүй

Б.Ариунзаяа
2022/09/27

Сангийн яамнаас ирэх пүрэв гарагт ирэх оны төсвийг УИХ-ын даргад өргөн барих гэж байна. Ирэх жилийн төсөв урьдчилсан байдлаар 19.6 их наядын орлого олж, 20.3 их наядыг зарлагдахаар “бичигджээ”. Өөрөөр хэлбэл, 1.7 их наяд төгрөг /ДНБ-ий 3.3%/-ийн алдагдалтай байхаар төлөвлөсөн байна. Ингэхдээ хэдэн жилийн өмнө маргаан дагуулж байсан шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлж, хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт олгохоор шийдвэрлэжээ. Мөн тансаг хэрэглэгээ болон тамхи, электрон тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх аж.

Түүнчлэн төрийн албан хаагчдын цалингийг ялгааг арилгаж, үр дүнд суурилсан цалингийн систем замаар нэвтрүүлэхээр зорьжээ. Ингэхдээ орон нутагт ажиллаж байгаа иргэдээ дэмжснээр хот руу ирэх шилжилт хөдөлгөөнийг сааруулахад ихээхэн түлхэц болно гэлээ. Төрийн хэмнэлтийн хуулиар ирэх оны төсөв 1 их наяд төгрөгөөр хэмнэхээр болжээ.

Өндөр хэрэглээтэй өрхөд хүүхдийн мөнгө олгохгүй

2021 оны байдлаар нийгмийн халамжийн зардал 2 их наяд төгрөгт хүрч, энэ нь төсвийн нийт зардлын 11.9 хувьд хүрээд буй. Үүний 1,5 их наяд төгрөг нь зөвхөн хүүхдийн мөнгө бөгөөд ирэх жилийн төсөвт зөвхөн зорилтод бүлэгт өгөх талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Тэгвэл төсөвт зөвхөн өндөр орлоготой иргэдэд хүүхдийн мөнгө олгохгүй байхаар тусгажээ. Ингэснээр хүүхдүүдийн 80 хувь нь хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгогдох юм байна. Судалгаагаар хүүхдийн мөнгөний 67 хувь нь бэлнээр авагддаг бол 33 хувь нь хадгаламжийн данс руу шилждэг аж.

10 саяас дээш цалинтай иргэд ХХОАТ төлнө

Ж.Эрдэнэбатын Засгийн газар шаталсан татварын тогтолцоог санаачилж, УИХ-аар баталсан. Гэвч нийгмийн эсэргүүцэлтэй тулгарсан тул өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй. Ирэх оны төсөвт хүний орлогын албан татварыг шатлалтай болгох аж. Тодруулбал, 2023 оны төсөвт сарын 0-10 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэд 10 хувь, 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь, 15-аас дээш хувийн орлоготой нь 20 хувийн орлогын татвар төлдөг байхаар оруулж иржээ. Шаталсан татварт нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 1 хүрэхгүй хувь хамрагдах юм байна. Манай улсын нийт хөдөлмөр эрхлэгчдээс 1.3 мянган нь 10 саяас дээш цалинтай гэх судалгаа бий.

Тансаг хэрэглээнд татвар ногдуулж, тамхи, электрон тамхины онцгой албан татварын нэмнэ

Тансаг хэрэглээ гэдгээ эхлээд тодорхойлох аж. Тодруулбал, одоогийн байдлаар 250 сая төгрөгөөс дээш үнэтэй суудлын автомашин худалдан авбал давсан үнийн дүнд нь онцгой албан татвар нэмж ногдуулахаар заажээ. Мөн манай улсад тамхины үнэ дунджаар 1.4 ам.доллар. Харин дэлхийд дунджаар 4 ам.доллар байна. Тиймээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тамхины татварыг 300 хувь нэмэгдүүлэх зөвлөжээ. Нэг дор их хэмжээгээр нэмэгдүүлэх боломжгүй учир ирэх жил хоёр жилийн хугацаанд янжуур тамхины татварыг хоёр дахин, электрон тамхийг шингэн эсвэл халаадаг гэдгээс үл хамааран 20 хувийн татвартай болгож, цаашид үе шаттайгаар нэмэх бодлого баримтлах аж.


Төр шинээр хөрөнгө оруулалт хийхгүй, эрчим хүчний үнийг нэмэгдүүлнэ

Төсвийн хөрөнгө оруулалтын 50 хувь нь гадагшаа гардаг гэх судалгаа бий. Ирэх жилийн төсөв шинээр хөрөнгө оруулалт хийхгүй байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн тойрогтоо шинээр хөрөнгө оруулалт  хийх эрхийг хязаарласан байна. Ингэхдээ өмнөх онуудад хийсэн хөрөнгө оруулалтын ажлуудаа дуусгах бөгөөд зөвхөн шинэ нисэх буудал баригдах дагуул хотын дэд бүтэц, сургууль цэцэрлэг, нийслэлийн түгжрэлийг бууруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийхээр тусгасан байна.

Түүнчлэн эрчим хүчний салбар улаан гэрэл анивчуулж буй. Тарифаа нэмэхгүй бол ирэх өвөл ачааллаа дийлэхгүй талаар сайдаас нь эхлээд мэдэгдсэн. Сангийн сайдын мэдэгдэж байгаагаар ирэх өвөл айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнийг нэмэхгүй, харин ААН-үүдийн тарифыг нэмэх аж.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна