Дарханы төмөрлөгийн үйлдвэрт эзэн суусан Н.Энхбаяр, "Сахал" Д.Эрдэнэбилэгтэй гар барилцах уу

Б.Ариунзаяа
2022/09/29

Хэвлэлд тэр бүр ярилцлага өгдөггүй, тэр ч бүү хэл зураг хөрөг нь ч ховор үзэгддэг “Сахал” Д.Эрдэнэбилэг Эрдэнэтийн 49 хувийн дуулианаар ил гарсан. Зарим улс төрчид түүнийг “Монголын эзэн” хэмээн хочилж байх үед буюу 2019 онд Д.Эрдэнэбилэг анх удаа хэвлэлд ярилцлага өгөхдөө нэгэн “Хаан”-ы тухай дурдсан байдаг.

Тэрбээр "ХХБ-ыг авснаараа шууд л сайхан болчихоогүй л дээ. 12 жилийн өмнөх явдал. Тэр үед улсын нүд, чих, хамар болсон нэг л хүн байсан шүү дээ. “Хаан”-тай тохиролцоогүй хэлцэл хийсэн гэж хоёр жил гаруй элдвийг үзсэн. Уг нь гаднаас, гадны эзэмшиж байсан хувьцааг л авсан юм л даа.

Гэтэл “хааны” хөрөнгөнд хандив өргөөгүй гэж дарамталсан. 20 хувиараа хандив өргөхийг шаардсан. Олон компанийг өмч хөрөнгөнөөс нь салгасан даа. Хаан хэрэв хүсвэл хуулийн хаалган дээр уулзаж болно. Тухайн үед түүнд банкнаас бусад нь бүгд л байсан даа. Тэр үеийн бизнес хийж байсан олон хүн энэ зовлонг амссан байх. Би тэр хүсэлтийг нь биелүүлээгүй л дээ " хэмээсэн.

Өөрөөр хэлбэл,  2007 онд Монгол улсад "хаан" гэж хэлж болохуйц ганцхан хүн байсан нь тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр. Н.Энхбаяр ч  нэгэн нэвтрүүлэгт оролцох үедээ "Сахал" Д.Эрдэнэбилэг М.Энхболдоор дамжуулж, надад Худалдаа Хөгжлийн банкны хувь эзэмшихийг санал болгосон" гэж мэдэгдэж байсан удаатай.

Улс төрд мөнхийн эрх ашиг үйлчилдэг гэх. Тэгвэл нэгэн үе хонь, чоно мэт явсан хоёр эрх ашиг нь нийлж, мөр мөрөө алгадалцах цаг тун удахгүй бололтой.

Засгийн газар “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулсан "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т концессын гэрээг цуцалсан. Тус үйлдвэрийг төр өөрийн мэдэлдээ авахдаа 630 орчим тэрбум төгрөгийн өр, авлагатай хэмээн мэдэгдсэн. Гэвч уг шийдвэрийг эсэргүүцэж, "Кью Эс Си” ХХК нь өнгөрсөн зургадугаар сард Засгийн газрыг шүүхэд дуудсан. Гэвч удалгүй "Кью Эс Си" ХХК Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу 192 тэрбум төгрөгийн зээлээ Хөгжлийн банканд тушаасан билээ. Энэ бүхний ард нэлээн том улстөрийн тохиролцоо явагдсан нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр аж.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН МАН-тай нэгдсэн. МАХН-ын дарга Н.Энхбаярт МАН-аас томоохон амлалтууд өгсний нэг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр бөгөөд тэд өөрсдийн болгох ажлаа аль хэдийнэ эхэлжээ. УИХ-ын гишүүн Э.Батшугар нараас Төрийн өмчит бодлого зохицуулалтын газарт Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захиралд өмнө нь МАХН-ын ЕНБД-ын зөвлөхөөр ажиллаж байсан Г.Дугаржавыг томилуулахаар албан тоотоо явуулсан байна. Өөрөөр хэлбэл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өнөөгийн захирлууд солигдох нь нэгэнт тодорхой болж, тушаал нь гарах л үлджээ.

Гэвч Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн энэ тохироо Засгийн газрын хийсэн шинэчлэлд ухралт болохыг зарим эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, тус үйлдвэр дээр эзэн суусан Н.Энхбаяр нар  “Кью Эс Си” ХХК-тай тохиролцсон гэх мэдээлэл байна. Хэрэв энэ тохиролцоо цааш үргэлжилбэл шүүх дээр маргаад буй татвар, өр төлбөрийн асуудал ч сунжирч, төмөрлөгийн үйлдвэр буцаад "Сахал" Д.Эрдэнэбилэгийн мэдэлд орох ч эрсдэлтэй тулах юм. Ямартай ч ирэх өдрүүдэд тус үйлдвэр дээр томоохон томилогоо хийгдэж, түүнийг дагасан улс төржилт нэлээд өндөр авах дүр зураг ажиглагдаж байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.109.8
    2022/09/29

    Ард түмэн гэдэг бол гуйлгачин хүн сүрэг гэж доромжилдог АНус намыг тарааяаа

    Хариулах