Засгийн газрын хуралдааны талаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр  Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан  Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрыг татан буулгаж байгаа талаар мэдэгдсэн. 

Д.АМАРБАЯСГАЛАН:

- МХЕГ 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгаа гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хуулийн төслийг шинээр бичиж, 2023 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан. 

Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн хяналтыг хийдэг, 1,600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1,400 байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байгаа нь бодитой болсон. Энэ нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн зүгээс төр давхардсан хяналт шалгалтаар бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна гэх гомдлын үндэслэл гэж үзсэн гэсэн.


 МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР: 

Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор тус байгууллагаас мэдэгдэл гаргажээ. 

- "Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгалаа” гэсэн мэдээлэл зарим сайт, олон нийтийн сүлжээгээр тараад байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон бусад дагалдах 80 гаруй хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Эдгээр багц хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан тохиолдолд 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс Мэргэжлийн хяналтын байгууллага (Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг нийслэл дэх Мэргэжлийн хяналтын газар) үйл ажиллагаагаа зогсоох юм.

Одоогоор Мэргэжлийн хяналтын байгууллагын өдөр тутмын болон хяналт шалгалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг мэдэгдье гэсэн байна.