Иргэд амьдарч буй орчиндоо тулгамддаг асуудлаа өөрсдөө тодорхойлон, түүнийхээ дагуу саналаа гаргаснаар асуудлаа шийдвэрлүүлэх, төсвийн зарцуулалтад оролцох боломж байдгийг та хэдийн мэдэх байх. Гэхдээ энэ үйл явцыг хэн, яаж хийдгийг, энэ ажилд хэрхэн оролцож, дуу хоолойгоо хүргэх талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байна уу? Тэгвэл энэ нийтлэлийг танд зориулъя. 

     Монгол Улс төсвийнхөө тодорхой хэсгийг зарцуулахдаа иргэдээсээ саналыг нь асуудаг болсон нэгэн чухал тогтолцоог 2013 онд бий болгож хуульчилсан нь “Орон нутгийн хөгжлийн сан” юм. Энэ санд сүүлийн есөн жилд нийт 1,3 орчим их наяд төгрөгийн гүйцэтгэл хийгдсэн бөгөөд үүний үр дүнд 2013-2021 онд зөвхөн 330 суманд л гэхэд 33,336 хөрөнгө оруулалт иргэдийн саналаар бий болоод байна. Харин 2022 онд 253,4 тэрбум төгрөг аймаг, нийслэл, сум, дүүргийн ОНХС-д хуваарилагдахаар батлагджээ.

Сангийн яамны ТБТГ-ын Нэгтгэлийн хэлтсийн дарга бөгөөд "Тогтвортой амьжиргаа-3" төслийн захирал Г.Золбоо: 

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГ ЭНГИЙНЭЭР ТАЙЛБАРЛАХ НЬ

     Төсвийн тухай хуульд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүрэг нь Орон нутгийн хөгжлийн сан(ОНХС)-тай байх ба энэ сангийн хөрөнгийг зөвхөн иргэдийн саналд тулгуурлан зарцуулахаар хуульчилсан.

     Өөрөөр хэлбэл энэ нь Монгол Улс төсвийнхөө тодорхой хэсгийг хэрхэн зарцуулах талаар иргэдээсээ саналыг нь асууж, амьдарч буй орчиндоо тулгамдаж буй асуудлаа иргэд нь өөрсдөө тодорхойлон гаргаж, саналаа өгдөг болох эрх мэдлийг олгосон тун чухал заалт юм.

ОНХС-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгддэг.

 

ОНХС-ИЙН ТӨСВӨӨР ЯМАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ САНХҮҮЖҮҮЛЖ БОЛДОГ ВЭ?

     Товчхондоо, хуульд хориглосноос бусад бүх нийтийн эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалтуудыг иргэдийн саналд тулгуурлан хийх боломжтой.

     Жишээ нь, сумдад нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн халуун ус, ариун цэврийн газар, хогийн менежмент, зам, гүүр барих, засварлах зэрэг нийтээрээ үр шимийг нь хүртэж болох хөрөнгө оруулалтуудыг иргэдээсээ саналыг нь асууж хийдэг.

     Түүнчлэн 2021 оноос эхлэн Малын тоо толгойн татвар нь ОНХС-ийн нэг эх үүсвэр болсонтой холбоотойгоор энэ жилээс бэлчээрийн менежмент, мал аж ахуйн чиглэлийн хөрөнгө оруулалтуудыг тухайн цугласан татварын хэмжээгээр мөн л иргэдийн саналаар санхүүжүүлэх боломжтой болсон.

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн 2020 онд гаргасан саналаар 2021 онд ОНХС-ийн санхүүжилтээр гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтаас...

     Мөн тухайн орон нутгийн,

  • Хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байх,
  • Тухайн орон нутгийн иргэдийн саналаар дэмжигдэж эрэмбэлэгдсэн байх,
  • Хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлтэй, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, бусад холбогдох зөвшөөрөлтэй байх,
  • Сум, дүүргийн төвөөс алслагдсан баг, хорооны иргэдийн хамгийн олон саналыг авч эрэмбэлэгдсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг заавал багтаах зэрэг шаардлагуудад нийцсэн байх ёстой.

Эх сурвалж: Posted.mn