Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн хамт батлагдсан хуулиудын танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийсэн. Энэ үеэр тэрбээр дараах мэдэгдлийг хийсэн юм.
Д.АМАРБАЯСГАЛАН:
- Олон нийтийн эрх ашгийн хувьдаа болон хөрөнгө чинээгээрээ далайлгаж завшиж байгаа хэсэг бүлэг хүмүүстэй тэмцэж байна. Өөрөөр хэлбэл эрх мэдэл, бүлэглэлийн эрхшээлд орж, Монголын улсын ард түмний боломжийг хулгайлсан хэсэг бүлэг хүмүүстэй тэмцэж байна. Үүнд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Хөтөл цаашлаад Дарханы цемент ч орно.
- Энэ ажиллаагаагаас болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүнтэй хамтран ажиллаж байгаа хүмүүсийг харлуулах, нэр хүндийг нь унагаах ажлууд тогтмол хийгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд л ЭТТ ХК дээр Засгийн газраас БЭТ томилж, хяналт тавих ажиллагааг эхлүүлсэн. Гэтэл Ерөнхий сайдын ажлаа хэвийн явуулахад нь саад учруулах зорилгоор хэвлэлээр зорилготойгоор, зохион байгуулалттай ажиллагаа явуулсаар байна. Миний бие ЗГХЭГ-ын даргаар ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Мэдээж эрх ашиг нь хөндөгдөж буй хүмүүс байгаа нь ойлгомжтой. Гэхдээ яг ийм байдлаар иргэдийнхээ төлөө ажиллахаар сэтгэл шулуудсан албан тушаалтан, улстөрчдөд дарамт шахалт ирдэг юм байна гэдгийг мэдэрлээ.
- МАН хагарчээ, Д.Амарбаясгалан нь Л.Оюун-Эрдэнэтэйгээ тангараг тасарч, Ерөнхий сайдын суудлаас нь огцруулах гэж байна гэх мэт мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна. Энэ бол дотооддоо учраа олж чадаагүй АН-ын эрх мэдэлдээ улайрсан зарим нэг нөхдүүдийн хийж байгаа ажил. Төрийн ажил тэр дундаа Засгийн газрын хэвийн ажиллах боломжийг алдагдуулснаараа сөрөг хүчнийг төлөөлөх гэж байгаа зарим нэг хүмүүсийн хүсэл хангагдаж буй бололтой.
- Бид дэлхийн эдийн засгийн хямралаас улс оронд ирж байгаа дарамтыг амь нэгтэй байж даван туулах ёстой. Бид бол албан тушаалын төлөө, Ерөнхий сайд болохын төлөө тэмцэлддэг тэр үеийн төлөөлөл биш. МАН бол бусад улс төрийн намуудад үлгэр дуурайлал болохуйц эв нэгдэлтэй нам. Намын дарга Л.Оюун-Эрдэнэ бид хоёрт хоорондоо тэмцэлдэх ямар ч учир шалтгаан байхгүй. Харин хоёр удаа эрх барих эрх олгосон ард түмнийхээ өгсөн үүрэг даалгаврыг гүнээ ухамсарлаж, нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа зүйлтэй тэмцэж, ард иргэдэд учирч болох алдаа дутагдал, завхралыг засахын төлөө бид хичээж байна.
- Харлуулах ажиллагааг зохион байгуулж байгаа нэр бүхий этгээдүүд байна. Тэдний ард эрх ашиг нь хөндөгдсөн томоохон ААН, бизнес эрхлэгчид байгаа нь ч тодорхой байна.
- Нүүрсний асуудалтай холбогдуулан Засгийн газраас БЭТ томилогдсон. Хийсэн гэрээ хэлцлүүдийг нь шалгаж байна. Үүний зэрэгцээ нүүрсний зохион байгуулалттай холбоотой буюу экспортыг нэмэгдүүлэх тал дээрээ ч давхар ажиллаж байна. Үүнд баримттай, нотолгоотойгоор асуудалд хандах ёстой.
- Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой луйврын асуудал өнгөрсөн 3,4 жилийн хугацаанд нэлээн яригдсан. Миний ойлгож байгаагаар ойрын хугацаанд энэ хэрэг шүүхийн шатанд орж, эцэслэн шийдэгдэнэ. Мөн Хөгжлийн банкны зээлтэй холбоотой эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, нөлөөллийг бий болгосон, банкийг банк бус болгосон нөхдүүдийн хэрэг ч удахгүй шийдэгдэнэ.
- Бид өнгөрсөн хугацаанд нүүрсний борлуулалт дээр анхаарал хандуулдаг байсан. Гэтэл Монголын нүүрсийг үнэ цэнгүй байлгах, аман дээрээс нь худалдан авах сонирхолтой гадаадын болон дотоодын бүлэглэлүүд байгаа нь тодорхой болсон. Эдгээр бүлэглэлийн эрх ашиг нь худалдан авалт гэхээсээ илүү тээвэр дээр нөлөөллөө тогтоох замаар Монголын нүүрсийг хямд байлгах, тээврийн үнэ өртгийг нь илүү их хэмжээгээр шингээх замаар ашиг олох зорилготой байсан нь зарим хууль хяналтын байгууллага тогтоогоод байна гэв.







Хэрэг 1000- жил болсон чхуучирдаггүй
Шантарч үл болно.
Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх сэжиг бүхий хэргүүдийг сэргээн шалгаж буружтай этгээдийг тогтоож өгдөг ялыг өгөх.