Жилийн өмнө УИХ нэгэн чухал хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь иргэдийн санхүүгийн боловсролд төдийгүй амьжиргаанд ч ихээхэн нөлөө үзүүлж, өдгөө зарим иргэд өгөөжөө хүртэж эхлээд байна. Монголчууд банкыг зөвхөн мөнгө хадгалах сейф мэтээр төсөөлж ирсэн нь саяхан. Харин хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар энэ ойлголт эргэж, мөнгө хадгалж хүүний орлого хураахаас гадна хувьцаа авч, өгөөж хүртэх боломжтой болсон. Тэгвэл тун удахгүй энэ зах зээлд дахин нэг банк хувьцаагаа арилжилж, олон нийтийнх болох нь.
Хуулийн дагуу банкуудын нээлттэй болох зорилгыг Богд банк эхлүүлсэн. Хэдийгээр системийн нөлөө бүхий банк биш ч “Богд банк” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаанд 1,243 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 33 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн. Өөрөөр хэлбэл татан төвлөрүүлэх зорилтот дүнгээс 4.6 хувь давсан болсон бол өнгөрсөн сард Төрийн банк нийт хувьцааны таван хувийг олон нийтэд санал болгож, зах зээлээс 20 гаруй тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Тэгвэл оноос өмнө Монголын хамгийн том банк болох Голомт банк нийт хувьцааныхаа 10 хувьд IPO гаргах гэж байна. СЗХ-оос Голомт банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрч үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн нь хөрөнгийн зах зээлд аль хэдийнэ хүлээлт үүсгээд эхэлжээ.
Голомт банк нь 1995 онд Бодь Интернэйшнл ХХК-ийн охин компани болон байгуулагдсан цагаас хойш өдгөө Монгол Улсын банкны системийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг томоохон банк болжээ. Тус банк байгууллагын болон иргэдийн зах зээлд зэрэг төвлөрөн ажилладаг төдийгүй дижитал банкны үйлчилгээнүүддээ голчлон анхаардагаараа бусад арилжааны банкуудаас ялгардаг. Түүнчлэн 2020 оны байдлаар Монгол банканд тушаагдсан нийт алтны 52 хувь, гадаад худалдааны баталгааны 64 хувь нь Голомт банкаар хийгдсэн нь энэ салбартаа тэргүүлэх дүн. Тиймдээ ч 2021 оны жилийн эцсийн байдлаар нийт хөрөнгө 7.9 их наяд, өөрийн хөрөнгө 596.0 тэрбум төгрөг, цэвэр ашиг нь 22.1 тэрбум төгрөгт хүрч 2020 оноос 113 хувиар өссөн байна.
Ирэх оны төлөв байдлыг эдийн засагчид таатай бус байна гэдгийг хэлж буй. Дотооддоо ч гадааддаа ч тэр эдийн засгийн өсөлт сул байх энэ үед зөв хөрөнгө оруулалт амьдралын баталгаа болдог. Хэдийд ч үнэ цэнээ алддаггүй хөрөнгө оруулалтаар хувьцаа нэрлэгддэг. Ялангуяа байнгын өсөлттэй байдаг банкны хувьцаа бол алдаж болохгүй боломж.
Учир нь банкны салбар нь зохицуулах байгууллагын хатуу хяналт доор үйл ажиллагаа явуулдгийн зэрэгцээ хүн бүр өдөр тутамдаа ашигладаг тул эрсдэл багатай. Тэр дундаа системийн нөлөө бүхий банкуудын үйл ажиллагаа доголдох эрсдэл бусад банкнуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг учир эдийн засагчид ийнхүү зөвлөдөг.
Хэдэн жилийн өмнөхөө бодвол иргэдийн санхүүгийн боловсрол сайжирсан. Хувьцаа сонирхох иргэдийн тоо нэмэгдэж, хандлага ч өөрчлөгдсөөр байна. Тэгэхээр тун удахгүй зарлагдах Голомт банкны IPO хүлээлт өндөртэй, өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!