"Эрэл" ХХК-д холбогдох шүүх хурал 18 дахь удаагаа хойшиллоо

Админ
2022/11/22

Хөгжлийн банкны зээлдэгч "Эрэл" ХХК-д холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшлогджээ.

Хариуцагч Б.Эрдэнэбат нь хуралдаанд биечлэн оролцох боломжгүй (гадаадад) тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна.  Шүүгч хүсэлтээс татгалзан хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн ч "Эрэл"-ийн өмгөөлөгчид шүүгчээс татгалзах хүсэлт гаргажээ. 

Ерөнхий шүүгчээс хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан ч ХУД-ийн ерөнхий шүүгч нь гадуур ажилтай байсан тул маргаашдаа танилцуулан шүүх хурлыг товлохоор шийдвэрлэсэн байна. 

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банканд "Эрэл" ХХК-ийн зээлийн өрийн үлдэгдэл 197 тэрбум төгрөг байгаа бөгөөд  "Эрэл" ХХК-д холбогдох шүүх хурал ийнхүү 18 дахь удаагаа хойшлогдож байгаа нь энэ юм.

 

Сануулахад,  Эрэл компанитай холбоотой хэргийн шүүх хурал шүүхийн шатанд шийдэгдэхгүй удааширч 3 жил болж буй. 

Тус компани нь Хөгжлийн банкнаас 3 удаагийн нийт 72.6 тэрбум төгрөгийн /тухайн үеийн ханшаар/ зээл авсан ч эргэн төлөлтөө огт хийгээгүй нь чухам ашиг сонирхол нуугдаж байгаа нь сонирхол татдаг. 

МУХБ-наас Эрэл  ХХК нь гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор 

2013 онд 8 дугаар сарын 16-нд 14 сая ам доллар,  

2014 оны 4 дүгээр сарын 28-нд  13.4 сая еврогийн зээл, 

2015 оны 11 дүгээр сарын 14-нд  9 сая ам.долларын зээлийг 3 үе шаттайгаар авч, нийт 23 сая ам.доллар, 13 сая 47 мянган еврогийн зээлийг авсан байдаг.

 Уг зээл одоогоор 3037 хоногийн хугацаа хэтэрсэн зээлийн гэрээний зөрчилтэй байна. Зээл анх олгогдсоноос хойш алданги, хүү тооцогдсон эцсийн үлдэгдэл  өнөөдрийн байдлаар нийт 197 тэрбум төгрөг болжээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.111.68.3
    2022/11/23

    Жаатай хулгайч юм.Хуулынхныг авлигалдаж чадаж байна.

    Хариулах