Я.СОДБААТАР: Жэк Уэтерфорд​ын​ бүтээлүүд олон улсад Чингис хаан судлалыг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан

Админ
2022/11/23

#ШУУД: Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан"одон хүртээх талаар ЕТГ-аас мэдээлэл хийж байна.

ЕТГ-ын дарга Я.СОДБААТАР:

- Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны Пүрэв гарагт тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, дараах хоёр эрхэмд Монгол төрийн дээд шагнал Чингис хаан тэргүүн зэргийн одонг гардуулахаар шийдвэрлэснийг албан ёсоор зарлаж байна.Эдгээр эрхмүүд Монгол Улсын түүх соёл, хөрс судлал, байгаль шинжлэл салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан. 

- Монголчуудын хувьд энэ жил түүхэн буюу тэгш ойн жил болж байна. Тиймээс АНУ-ын эрдэмтэн Жэк Уэтерфордод Чингис хаан тэргүүн зэргийн одонг гардуулахаар болсон. Жэк Уэтерфорд бол АНУ-ын улс төрийн түүх болон Монголын түүх соёл, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан. 2004 онд Жэк Уэтерфордын туурвисан Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Чингис хаан гэх бүтээл нь Нью-Йорк таймс сонины шилдэг бүтээлээр шалгарч, 20 гаруй хэл дээр орчуулагдан олон орны уншигчдын хүртээл болгосон.

- Энэ бүтээлээрээ дэлхийн дахинд Чингис хаан болон монголчуудын талаарх ойлголтыг залруулж, Чингис хаан бол чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг мэдээллийн солилцоо, олон улсын эрхзүй, дипломат халдашгүй дархан байдал, шашны эрх чөлөө, сүм хийдээс ангид орших улстөрийн тогтолцооны суурийг тавьснаараа өнөөгийн ертөнцийг үндэслэсэн Их хаан юм хэмээх үзэл санааг дэвшүүлсэн юм.

- Жэк Уэтерфорд 2010 онд Монгол хатдын нууц товчоо номыг хэвлэн нийтэлсэн. Энэхүү бүтээл нь 6 хэлээр орчуулагдаж, монгол хатад эмэгтэйчүүдийг гавьяа зүтгэлийг олон улсад алдаршуулахад бодит хувь нэмэр оруулсан. Тус бүтээлд Их эзэн Чингис хааны хатад, охид болон алтан ургийн бусад хатад, охидын очсон газар орондоо Монгол төрийн алтан аргамж, эрдэм чадал, ургийн хэлхээгээрээ улс орны гадаад дотоод харилцааг бэхжүүлж, зуун зууны турш алтан ургийн эрчүүдтэй эн зэрэгцэхүйц ухаан билгийг төрийг барьж, түүхийг бичилцсэн талаар дэлхийн дахинд сурталчлан таниулсан.

- "Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэл" бүтээлдээ Монголын эзэнт гүрэнд янз бүрийн шашин шүтлэгтэй ард түмэн нэгэн улс, нэгэн гүрэн эв найртайгаар зэрэгцэн оршиж байсныг дурдаад Чингис хаан хүн төрөлхтний түүхэнд шашин шүтэх эрх чөлөөг хүн төрөлхтний түүхэнд анхлан үндэслэгчдийн нэг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сорчлон таниулсан.

- Жэк Уэтерфордын бүтээлүүд Монголын түүх соёлыг олон улсын тавцанд, олон орны уншигчдад Чингис хааны эзэнт гүрний түүхийг Чингис хаан судлалыг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна