С.Баясгалан: Хариуцлагатай бизнес нь шинэ зууны бизнесийн үндсэн чиг хандлага боллоо

Админ
2022/11/25

МҮХАҮТ, МҮХАҮТ-ын дэргэдэх КНХ, Тогтвортой хөгжлийн Зөвлөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “НҮБ-ын Даян дэлхийн гэрээний талаар хувийн хэвшилтэй хийх уулзалт, хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлгээр хувийн хэвшлийнхэнд Даян дэлхийн гэрээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, олон улсын болон компанийн сайн туршлагаас хуваалцсан юм.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “НҮБ болон Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг анх удаа үзэглэсэн. Энэхүү хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх нь олон талт түншлэлээс шууд хамааралтай. Хүний хөгжил, ногоон, тэгш хүртээмжтэй тогтвортой өсөлт, хүн төвтэй засаглал, хууль дээдлэх ёс, хүний эрх гэсэн стратегийн тэргүүлэх чиглэлтэй баримт бичгийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухал” гэдгийг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн юм.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой байдал, хүрээлэн буй орчны асуудлууд, хариуцлагатай бизнес нь шинэ зууны бизнесийн үндсэн чиг хандлага боллоо. Компани өөрөө хэчнээн сурталчилгаа хийгээд нийгэм тухайн компанийг сайнаар хүлээж авахаас илүүтэйгээр нийгмийн хариуцлага өндөртэй, засаглал сайтай, хүний эрх хангагдсан бизнесүүд илүү сайшаалыг хүртэж, бизнес нь амжилттай, тогтвортой үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлдэг болоод байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

НҮБ-ын Даян дэлхийн гэрээ нь дэлхий даяарх бизнесийн тогтвортой байдал, нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлэхэд түлхэц өгөх зорилгоор 2000 оноос хэрэгжиж буй томоохон санаачилга юм. МҮХАҮТ энэхүү санаачлагад 2006 онд нэгдэн, бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд Даян дэлхийн гэрээний үндсэн зорилтуудыг дэмжин ажиллаж байна.

Хувийн хэвшил эдийн засгийн гол түүчээ болж буйн зэрэгцээ нийгэмд тогтвортой хөгжил, сайн сайхны төлөө эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, орон нутгийн хөгжил, хүүхэд залуусын хөгжил, ёс зүй, сайн засаглалын хүрээнд томоохон санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлж байна.

Ази, Далайн орнуудын оролцогчийн оролцоо хариуцсан менежер Симиао Юү “Даян дэлхийн гэрээ: Тогтвортой байдлын нөлөөллийг нэмэгдүүлэх”, Даян Дэлхийн Гэрээний сүлжээний зөвлөлийн дарга Кайли Портер “Даян дэлхийн гэрээний бүс болон улс орны түвшинд хэрхэн хэрэгжиж буй жишээ”-г танилцуулав. Мөн Бүгд Найрамдах Сингапур Улсын “Гуава Аментитис” компанийн захирал Габрейл Тан компанийн сайн туршлагаасаа хуваалцлаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна