Хөгжлийн банк “САМУРАЙ” бондын эргэн төлөлтийг БҮРЭН БАРАГДУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛО

Админ
2022/12/06

Монгол Улсын Хөгжлийн банк нь 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5%-ийн хүүтэй 30.0 тэрбум иенийн “Самурай” бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тус бондын үндсэн төлбөрийг ирэх онд буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх хуваарьтай.

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг 2022 оны 01 дүгээр улирлаас эхлэн Монголбанкан дахь Төрийн сангийн иений тусгай дансанд байршуулаад байна. “Самурай” бондын үндсэн төлбөр болох 30.0 тэрбум иен нь өнөөгийн ханшаар нийт 751.5 тэрбум төгрөг бөгөөд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр бондын үндсэн төлбөрийг бүрэн төлөх боломжтой боллоо. 

2022 он гарснаас хойш ам.доллартай харьцах иенийн ханш 20-иод хувиар суларч 1990 оноос хойших түүхэн доод түвшинд хүрсэн байгаа нь иен худалдан авах таатай нөхцөлийг бүрдүүлж байна. “Самурай” бондын үндсэн төлбөрийг төлөхөд шаардлагатай иений нөөцийг бүрдүүлснээр иений ханшийн эрсдэлийг удирдах зорилгоор гадаадын банк, санхүүгийн байгууллагатай байгуулдаг санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн зардлыг хэмнэж ажиллах боломж бүрдлээ.  Түүнчлэн “Самурай” бондын төлбөрийг бүрдүүлснээр хөрөнгө оруулагч болон олон нийтийн Монгол улсын Хөгжлийн банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Монгол Улсын Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 795.4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна. Үүнээс 707.5 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн. 2022 оны эцэс гэхэд зээлийн эргэн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна