Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Х.НЯМБААТАР: 

- Би та бүхэнд 24 цагийн өмнө мэдээлэл өгсөн. Хэвлэлийн хурлын дараа би жагсаал хийж буй иргэдтэй уулзсан.  Жагсагчдын зүгээс 3 шаардлагыг тавьсаар байна. 

1. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг зарла

2. Нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүст 15 жилийн ял оноож, хөрөнгийг нь улсын орлого болго

3. Ковидын үеийн төсвийг ил болго гэсэн шаардлага тавьсан. Уг шаардлагуудын дагуу мөрдөн шалгах ажиллагаа маш эрчимжсэн. Холбогдсон хүмүүсийн нэрсийг эхнээс нь зарлаад таслан сэргийлэх арга хэмжээ аваад явж байгаа. Гэвч ял өгөх, хөрөнгө хураах зэрэг шийдвэр нь цэвэр шүүх эрх мэдлийн асуудал. Харин ковидын үеийн төсвийг бүхэлд нь олон нийтэд болгохыг шадар сайд С.Амарсайханд даалгасан ЗГ-ын тогтоол гарлаа.

- Иргэд нүүрсний гэх хэрэгт холбогдсон этгээдүүдэд 15 жилийн хорих ял оноох, хөрөнгийг нь хураах санал хэлсэн. Эдгээр нь шүүх эрх мэдлийн асуудал юм. Засгийн газарт гэмт хэрэгтэнд ял оноох, хөрөнгө хураах эрх байхгүй.

- Бид 1992 онд Үндсэн хууль, хуульт засаг бүхий төртэй байх сонголтыг хийсэн. Гэтэл жагсагчид ойлгомжгүй шаардлага тавьсаар байна. Ял өгөх асуудал зөвхөн шүүх эрх мэдлийн асуудал.       

-  ХЗДХ-ийн сайдын хувьд би эрхзүйт ёсыг эцсээ хүртэл хамгаална. Би энэ энэ хүмүүс бол нүүрсний том гарын хулгайч, энэ энэ хүмүүс дунд гарын хулгайч гэж зарлах эрхгүй юм. Ингэх ч ёсгүй. юм.

УИХ муу ч сайн ч Монгол төрийн дархлаа юм. УИХ ямар нөхцөлд тарахыг Үндсэн хуульд заасан. УИХ-ын гишүүдийн 2/3 нь гарын үсэг зурснаар УИХ-ыг тараах заалт бий. Төлбөртэй жагсагчид, сошиалын давлагаагаар төрийн хэргийг шийдэж болохгүй.