Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Хуульд өөрчлөлт орсноор халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолох зохицуулалтыг тусгажээ.

Мөн авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй байхаар хуульчилжээ.

 Тухайлбал  Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй болж байна. 

Түүнчлэн эдгээр албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар болсон бол эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт торгох ялыг оногдуулахгүй байхаар зохицуулжээ. 

Ингэхдээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн этгээдийн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг зохицуулалттай болсон байна.