Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрөгч амралтын өдрүүдэд эрүүл мэндийн гэх шалтгаанаар Монгол Улсын хилээр гарч явсан гэдэг мэдээлэлтэй холбогдуулан АН-аас мэдэгдэл гаргажээ.  

Тус мэдэгдэлд: 

- Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгад хилийн хориг тавиагүй, яллагдагчаар татаагүй болохыг мэдэгдэж байна. 

- Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй хэмээн АТГ-аас 17 хүний нэрийг зарласан. Тэднээс хамгийн түрүүнд буюу 2022.12.15-ны өдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн.

Гэтэл өнгөрөгч амралтын өдөр Нийгмийн сүлжээнд “Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй.

Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг Ардчилсан намаас мэдэгдэж байна.