УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. 

О.ЦОГТГЭРЭЛ: 

- Нийгэмд бухимдал үүсэж иргэд талбайд жагссан тул сөрөг хүчний есөөс дээш гишүүний гарын үсэг цуглаж байж, энэ нээлттэй сонсголыг Төрийн ордонд хийх анхны эрх зүйн орчин бүрдсэн. Энэ бол АН-ын гишүүдийн оролцоо санаачилгатайгаар явсан үйл явц. Сөрөг хүчний зүгээс зургаан хоногийн өмнө сонсголын СТӨ-нд УИХ-ын даргад сонсголыг хэрхэн зохион байгуулах талаар шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ энгийн иргэн, жагсагчдын төлөөллөөс 1,000 хүн оролцуулах боломжийг бүрдүүлье, иргэд асуулт асууж, хариулт авах боломжийг нээлттэй олгож, цагийн хязгааргүйгээр сонсголоо хийе гэсэн үндсэн шаардлагуудыг тавьсан. 

- Залуус хувь хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлсэн байх. Дарга нар тусдаа суугаад, цөөн хэдэн иргэнийг оруулаад телевиз үзүүлж суулгах нь зарчимд нийцэхгүй байна гэж иргэний шаардлага тавьсан болов уу. Бүлгээс эсвэл гишүүдээс зохион байгуулалт хийгээгүй.

Н.ГАНИБАЛ:

- 4 хоногийн өмнө Ажлын хэсгээс гарсан шийдвэрийг C.Одонтуяа гишүүнтэй хамт танилцуулж байхдаа сонсголыг Их танхимд хийхээр зарласан. Гэвч эх баригчид нэг хоногийн өмнө шийдвэрээ өөрчилсөн нь иргэдийн бухимдах шалтгаан боллоо.  Гэнэт өнөөдөр дөрвөн танхимд хувааж, гурван танхимд иргэд телевиз үзээд сууж байсан. Харин үндсэн танхимд дарга нар, гишүүд суучихсан байлаа. Энд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх нь хаана? Иймээс иргэд өөрсдөө үзэл бодлоо илэрхийлж, хойшлогдсон.