Монгол Улсын Засгийн газраас төрд шинэ уур амьсгал, өнгө төрх авчрахаар зорьж байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Тэрбээр  МХЕГ-ыг татан буулгаснаар ЗГХЭГ-ын дэргэд   Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар ажиллахаар болсныг мэдээлсэн юм. 

Тус газарт хяналт шалгалтын болон хуулийн багийнхан ажиллах юм байна. Тус газарт зургаан нэгж ажиллах бөгөөд нэгжүүдийг ахлах судлаач, ахлах менежерүүд удирдана.  Үндсэн үйл ажиллагааны 20-30 хувь нь хяналт шалгалтад төвлөрөх бол 60-70 хувь нь тандан судалгаа хийх, урьдчилан сэргийлэх амьдралд нийцлийг тодрууах зорилгоор ажиллах юм байна. 

Түүнчлэн төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ хүнд сурталгүй байх ёстойг  Д.Амарбаясгалан дарга тодотгоод Монгол Улс цаашид дарга давуу эрх эдэлдэг хэвшмэл ойлголтоос салах алхмыг эхлүүлж байгааг хэлсэн юм. Түүний мэдээлснээр  2023 оноос   үйл ажиллагаагаа эхлүүлэх Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар нь төрөөс иргэнд үзүүлж байгаа үйлчилгээнд үнэлгээ мониторинг  хийх аж. Ингэхдээ хууль хэрхэн хэрэгжиж байгаа болон төр иргэндээ үйлчилж байгаа эсэхэд тандалт судалгаа хийж энэ дагуу хууль боловсруулдаг жишигт шилжих юм байна. 

 Энэ талаар тэрбээр “Энэ хяналтын байгууллагын үндсэн зорилго нь хяналт тавих биш. Өөрөөр хэлбэл, хуучнаар  төрийн хянан шалгах хороо шиг ажиллахгүй гэдгийг бүтцээс нь харж болно. Төрөөс иргэнд үзүүлж буй  үйлчилгээний үнэлгээг гаргаж, чанарт илүү анхаарах юм. Мөн тандан  судалгааны ажлыг тогтмол хийнэ. Төрийн бүх түвшинд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналтыг  тавина. Ингэхдээ үүссэн асуудлын учир шалтгааныг тогтоодог байя гэж байгаа юм. 

Хуулиасаа болоод байна уу хүндээ асуудал байна уу гэдгийг тодруулна. Эсвэл бүр ард иргэдэд ч асуудал байж болно шүү дээ.  Ингэж судалж шинжилсний үндсэн дээр нөхцөл байдалд тохируулан холбогдох хуулийн өөрчлөлтийг тухай бүрт хийдэг болно. Цаашид төрийн байгууллагууд алба, хэлтэст хуваагддаг, дарга цэргийн ялгаатай байдал үүсгэдэг  явдлыг хална. Өөрөө хэлбэл, цаашдаа төрийн байгууллагууд багийн зарчмаар ажиллах бөгөөд ахлагч нь удирдах байдлаар ажиллана. Энэ нь нэг албан тушаалтан дарга болохоороо илүү  цалин, хангамж авдаг, бусдаасаа давуу эрх эдэлдэг  хэвшмэл тогтолцоог  халах хэлбэрт  шилжиж байна” гэлээ.