"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас улс хооронд байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрлийн талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ.

Ж.ГАНБАТ:

-  Монгол Улсын засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр борлуулахтай холбогдуулан байнгын ачаа тээврийн С зөвшөөрлийг олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа. Энэ зөвшөөрлийг өмнө нь АТҮТ-өөс олгодог байсан бол энэ оноос эхлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас олгохоор шийдвэрлэсэн.

- Бид ирэх 2 дугаар сарын нэгнээс эхлэн нүүрсээ биржийн журмаар, хил үнээр борлуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Цахимаар ил тод, нээлттэй арилжаална. Үүний хүрээнд УУХҮ-ийн сайдаар ахлуулсан УУХҮЯ, Хөрөнгийн бирж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хамтарсан Ажлын хэсэг ажиллаж байна.

- Монгол Улс, БНХАУ хооронд олон улсын тээвэр хийх автомашины С зөвшөөрлийг олгодог. Нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрөл буюу өнгөрсөн оны зөвшөөрлөөрөө явна. Үүнээс хойш "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ногдсон хэмжээгээр компаниудад хэрхэн С зөвшөөрөл олгох вэ гэдэг талаар мэдээлэл өгье.

- Эхний ээлжид хил үнээр нүүрсийг худалдан борлуулдаг нүүрсний тээвэрлэлт хийх аж ахуйн нэгжүүдийг Ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулах байдлаар Төрийн худалдан авах агентлагаар тээврийн тендерийн сонголт шалгаруулалт зарласан. Нэгдүгээр сарын 18-нд нээж, гэрээ нь 20-ноос эхлэн байгуулагдана. Энэ хүрээнд бид тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүддээ нэг номерт энэ оны шинэ С зөвшөөрлийг олгоно.

- Өнгөрсөн онд борлуулсан Цагаан хадан дээр ам нөхцлөөр зараад, худалдан авагчийн авсан нүүрс нь цагаан хадан дээр овоорсон байгаа. Уг нүүрсийг энэ ондоо багтаан хилээр гаргана. Үүнтэй холбоотойгоор Цагаан хад дээр ам нөхлцөөр зарсан, худалдан авагчийн 2.7 сая тонн нүүрсийг гаргах С зөвшөөрлийг олгоно.

- Хүсэлтийн тоо олговол зохих зөвшөөрлийн тооноос давсан тул хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд яг ижил зарчмаар С зөвшөөрлийг шударга хуваарилна.

- Олон нийтийн хяналт тавих байдлаар С зөвшөөрлийг бид өнөөдрөөс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн вэб сайтад бүрэн байршуулж байна. Тэндээс ямар аж ахуйн нэгжүүдэд С зөвшөөрөл олгосон бэ гэдгийг харахад нээлттэй.

- 2023 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын хэмжээнд нийтдээ 7800 С зөвшөөрөл олгогдоно. Үүнээс 60 хувь буюу 4680 С зөвшөөрөл "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ногдож байгаа. Энэ бол ЗТХЯ болон АТҮТ-өөс олгосон. Үүнээс 4780 С зөвшөөрлийг "ЭТТ" ХК вэб сайтдаа тавина.

- Боомтын үндэсний сэргэлтийн хорооноос баталсан битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэлд хүсэлтээ гаргасан 10941 ААН байна. АТҮТ-ийн тээврийн нэгдсэн систем дээр "Эрдэнэс Тавантолгой" компани дээр хүсэлт ирүүлсэн 10296 хүсэлт байна. Эдгээрээс нягталж үзэхэд 7904 аж ахуйн нэгж нь тээврийн нэгдсэн системд хүсэлт ирүүлсэн байна. Бид 7904 хүсэлтээс бодитоор олгох нь 4680.  Ирэх хоёрдугаар сарын 01-нээс нүүрсээ биржээр арилжаална, хил нөхцлөөр зарна. Үүнтэй холбогдуулан бид 1698 С зөвшөөрлийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан тендерээс шалгарсан аж ахуйн нэгжүүддээ олгоно. Үлдсэн 2982 С зөвшөөрлийг Цагаан хаданд байгаа худалдан авагчийн авсан нүүрсийг хилээр гаргахтай холбогдуулан С зөвшөөрлийг хувь тэнцүүлэн тээврийн компаниудад олгоно. Бүх мэдээллийг нь сайт дээрээ байрлуулна.