Хөгжлийн банкны зээлийн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд өдгөө дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтнүүд бизнесийнхэнтэй сүлбэлдэж, хэрхэн улсынхаа банкыг тонон дээрэмдсэн тухай, зээлээ төлөхгүй гүрийж, хуулийн цоорхой ашиглан хэрхэн зальжин ашиглах хийгээд хууль хяналтныхныг яаж авлигадаж буй тухай бараг муухайн адал явдалт киноноос илүү өрнөлтэй  хийгээд “өр эмтрэм” түүхийг улсаараа сонсож байна. Ийнхүү улстөрчдтэй зууралдсан компаниудын үнэн төрх илчлэгдэх зуур үнэхээр том асуудал нь ард хоцорчихов.  

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг буюу 800 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөр Төрийн өмчит компаниудад ногдож буй. Өнгөрсөн зургадугаар сард Энэхүү төрд хамаарах өрийн хамгийн том зээлдэгчдийн 600 орчим тэрбум өрийг барагдуулах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Ингэхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг гаргуулахгүй, төрийн өмчийн компаниудын дотоод нөөц бололцоог ашиглаж төлөхөөр шийдвэрлэсэн. Харамсалтай нь энэ тогтоол бэлгэдэл болчихсон. Тиймээс өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд дээрх компаниудад 30 хоногийн хугацаатай үүрэг өгсөн. 

Тэр цагаас хойш ганц нэг компани гаргалгаа гарсныг эс тооцвол Хөгжлийн банкны өр бахь байдгаараа. Тэд чаддагаараа хувийн компаниудаа л ясыг цайтал мөлжиж байгаагаас өөрөөр ТӨҮ-уудын өрийг төлүүлэх ажил урагш алхсангүй. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын ажлын хэсгийнхэн ч үүнд анхаарлаа хандуулсангүй. 

-ТОСК ТӨҮГ-тай холбоотойгоор Хөгжлийн банкны бланс дээр нийт 201,7 тэрбум төгрөг бий. Буянт-Ухаа 1, Буянт-Ухаа 2, Хөдөлгөөнт цогцолбор гэсэн гурван төсөл байдаг. Буянт-1 болон Буянт-2-ын зээлийн үлдэгдлийг ТОСК үнэт цаас гарган Хөгжлийн банкинд эзэмшүүлсэн  бол Хөдөлгөөнт цогцолбор төслийн хувьд  хөрөнгийг нь зарж борлуулах замаар Хөгжлийн банкны өр төлбөрийг барагдуул гэсэн шийдвэр гаргасан байдаг. 

-“Эрдэнэс Монгол” ХХК дээр бүртгэлтэй 155,5 тэрбум төгрөгийн төслийн зээлийн хувьд Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн автозамын улс худалдаж авснаас үүдсэн өглөг. 230 км энэхүү автозамыг төслийн орлогоос эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлээр бүртгэсэн байдаг. Бага зэргийг төлөлт хийсэн ч дуусаагүй. Үүнийг Засгийн газраас “Эрдэнэс Монгол”  ХХК-ийн эзэмшилд байгаа “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаанд ногдох ногдол ашгаар Хөгжлийн банкны зээлийг эргэн төлүүлэх гэсэн шийдвэр гарсан байдаг.

- Эрчим хүчний яаманд бүртгэлтэй байгаа Тавантолгой ДЦС-ийн төсөлд Хөгжлийн банкнаас олгосон зээлийн хувьд төслийн ажил яваагүй учраас зээл төлөгдөөгүй. Засгийн газраас энэхүү зээлийн үлдэгдлийг Тавантолгойн цахилгаан станцын төслийн гүйцэтгэгч шалгарсан нөхцөлд төслийн барилга угсралтын ажилд оруулан тооцож төлж барагдуулах гэсэн шийдвэр гарсан.

- “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨК дээр бүртгэлтэй байгаа 48,7 тэрбум төгрөгийн зээл.  Төсөл хэрэгжээгүйтэй холбоотойгоор эргэн төлөгдөх боломжгүй, чанаргүй ангилалд шилжсэн. Засгийн газар ТЭЗҮ гэж боловсруулсан баримт бичгийн талаар мэргэжлийн дүгнэлт гаргуулан цаашид авах арга хэмжээний зээлийн авлагыг хэрхэн барагдуулах санал боловсруулахыг Эрчим хүчний сайдад даалгасан.

-Хөдөө аж ахуйг дэмжих сан буюу хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 47.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байдаг. Хөдөө аж ахуйн сайдын харьяанд байдаг энэхүү сангаас одоогийн байдлаар төлөлт хийгдээгүй учраас Засгийн газар дээр ярилцаад ХААДС-гийн буудайн борлуулалтын орлогыг Хөгжлийн банкинд төвлөрүүлэх замаар 2022-2023 онд хуваарь гарган төлж барагдуулахаар шийдвэрлэсэн .