АН: Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг огцрохыг шаардана

Админ
2023/01/24

Өнөөдөр /2023.01.24/ Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Н.Учралын 3 хоногийн дотор УИХ-аар батлуулсан хуулийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир, ҮБХ-ны гишүүн, Сурталчилгаа, Хэвлэл мэдээллийн газрын дарга О.Батханд нар оролцлоо.

Хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Сурталчилгаа, Хэвлэл мэдээллийн газрын дарга О.Батханд хэлэхдээ, “Өчигдөр /2023.01.23/ бид олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан өргөн мэдүүлж, яаралтай горимоор батлуулсан энэ хуулийн талаар сэтгүүлчдийн групп руу зар оруулсан. 

Энэ зарыг оруулсны дараа Ардчилсан нам руу Цахим хөгжлийн яамнаас холбогдож байна. Хэвлэлийн бус, МАН-ын гаралтай хүмүүс ярьж байна. Энэ юу гэсэн үг вэ? МАН-ынхаан, Цахим Хөгжлийн Яам аа гэж асуумаар байна. Ардчилсан намын гишүүд Монгол Улсад үгээ хэлэх, хэвлэн нийтлэх Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байгаа, эдэлсээр ч байх болно. Намын хувьд, Ардчилсан намын залуучуудын хувьд улсаас хулгай хийгээгүй, нэр цэвэр, олон зуун мянган залуучууд. Манай намд капитал залуучууд олон бий. Тийм учраас бид хэнээс ч айхгүй. Монгол Улсын Цахим Хөгжлийн Яамнаас бид айхгүй. Монгол Улсад эрх мэдлээрээ ноёрхсон МАН-аас бид айхгүй. Бид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэзээ ч, хаана ч эдэлсээр байх болно.

Иймд Ардчилсан нам руу яг өчигдрийнх шиг ийм сануулгыг дахин битгий хийгээрээ гэж албан ёсоор хүсье. Мөн албан ёсоор шаардаж байна. Бүхэл бүтэн улс төрийн нам руу ийм шаардлага ирж байна гэдэг чинь Монгол Улсын жирийн, шударга иргэд рүү ямар дайралт, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх рүү нь ямар халдлага ирж байгаа нь тодорхой харагдаж байна.

Монголчуудаа, хэвлэл мэдээллийн сэтгүүлчдээ үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ битгий боймлуулаарай. Монгол Улсад, энэ газар нутаг дээр МОНГОЛ ХҮН бүр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй.” гэлээ.

Харин Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир хэлэхдээ, “Өнөөдөр бид бүгдийн мэдэж байгаа “Троллын тухай хууль буюу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хууль. Харин бодит амьдрал дээр “Олон нийтийн сүлжээнд дарга нарын эрхийг хамгаалах тухай” хуулийн талаар бид мэдээлэл хийж байна. Энэ хууль батлагдахад хоёр гол шалтгаан байна.

НЭГДҮГЭЭРТ, Цахим Хөгжлийн Яамны Сайд Н.Учрал өөрийн улс төрийн аав У.Хүрэлсүхэд барьж буй бэлэг.

ХОЁРДУГААРТ, Монгол улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан нар “Монгол орны хөгжлийн хөтөлбөр” гэдэг гол тэргүүлэх чиглэлээ барьж аваагүй учраас салбарын сайд хүссэн үедээ өөрийн салбарын асуудлыг монголын хамгийн чухал асуудал гэж үзэж байна.

Иймд Ардчилсан намын зүгээс гурван гол алхам хийнэ.

НЭГДҮГЭЭРТ, Монгол Улсын Ерөнхийлөгчид хориг тавь гэх албан бичгийг хүргүүлнэ. Гэвч үүнд итгэхгүй байна.

ХОЁРДУГААРТ, Үндсэн Хуулийн Цэцэд бичиг өгнө. Гэвч Үндсэн Хуулийн Цэц ерөөсөө шийдвэр гаргахгүй гэдэгт итгэлтэй байна.

ГУРАВДУГААРТ, Энэ хууль батлагдвал өөрийн үг, үзэл бодлыг талбай дээр гарч илэрхийлнэ. Цахим Хөгжлийн Яамыг огцрохыг шаардана. Дагаад Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн Газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг огцрохыг шаардана.

Монгол Улсын Засгийн Газар иргэдийнхээ мөнгийг нь булаалаа, ажлын байрыг нь булаалаа, хоолыг нь булаалаа, бензинийг нь булаалаа, гадаадад гарах визүүдийг нь булаалаа, одоо сүүлдээ үгийг нь булааж байна. Үүний дараа монголчуудад юу үлдэх вэ? Эхэнд нь мөнгө байсан. Эцэст нь бидэнд ганцхан үг л байна. Бусад бүх зүйлээ булаалгалаа. Амьдрах орчноо булаалгалаа. Улсын төсвөө булаалгалаа. Байгалийн баялгаа булаалгалаа. Шударга хуваарилалтаа булаалгалаа.

Одоо гадагшаа явах мөрөөдөлтэй ч виз нь гардаггүй залуучууд, цалингаа аваад яг маргааш нь зээл нь дуусдаг хүмүүс, цалин нь цагтаа буухгүй бол чанаргүй зээлдэгч болдог ийм хүмүүс болж хувирлаа. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэдэг нь Ардчилсан намын 32 жилийн өмнө тунхаглаж гарч ирсэн хамгийн гол зүйл юм. Үүнийг хэзээ ч эрх баригчдад булаалгахгүй. Цаашид бид 21 аймаг 9 дүүргийн салбар нэгжүүддээ хэлэлцүүлэг явуулна. Ерөнхийлөгчид найдах хэрэггүй, ҮХЦ-д найдах хэрэггүй. Одоо иргэд өөрсдийнхөө үг хэлэх эрхэд найдахаас өөр сонголтгүй болсон” гэлээ.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.48
    2023/01/24

    За тэр. Ийм л амиа бодсон нөхдүү шүү дээ. Эр, эмийн хүйсийн ялгаа гарч байна. Цаана чинь хүүхдүүдээ хөрөнгө мөнгөар нь ялгаж мөнгө олгож байхад энэ “аав” таг. Гэтэл ээжүүд хүүхдээ ялгаврлаа гээд жагсаж байна. Гэтэл энэ аав “намайг хүн доромжлуулахгүй болгох” нь гээд жагсах гэнэ. Ёстой “дураар янхан” уу үгүй юу.

    Хариулах
  • 202.179.24.48
    2023/01/24

    Тийм л сүрхий юм хүүхдүүдээ ялгаврлан гадуурхаж байхад дуугарах чинь яасан юм. Амандаа орсон болгоноор хүнийг үндэслэлгүй гүтгэж доромжолдог байдлыг чинь таслан зогсоох гэж байна. Үүныг зохицуулсан хууль байх ёстой. Тэгэхгүй бол хэрээс хэтэрлээ. Энэ хуулийг дэмжиж байна.

    Хариулах
  • 45.117.35.204
    2023/01/24

    Дураараа Дайрч доромжилж, харлуулж гутааж байж таарахгүй,

    Хариулах
  • 150.129.143.51
    2023/01/24

    Дураараа хүн бүхнийг доромжлох эрх монголд хэрэггүй

    Хариулах